Сөүл рүү тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр боллоо

Админ
2021/02/05

Гадаад харилцааны яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын дарга бөгөөд Шадар сайд С.Амарсайханы шийдвэрээр БНСУ-ын Сөүл хот руу 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тусгай үүргийн нэмэлт нэг удаагийн нислэг хийхээр шийдвэрлэлээ. Уг нислэгээр зөвхөн БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 250 гаруй иргэнийг татан авах аж. Хоёрдугаар сард нийт 5 удаагийн нислэгээр гадаадаас 1070 орчим иргэнийг эх оронд нь ирүүлэх юм. ГХЯ-ны зүгээс цаашид тусгай үүргийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, тогтмол нислэгийн хуваарийг сар, улирлаар гаргах төлөвлөгөөний төслийг боловсруулж байгаа юм байна. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст нийт 4,932 иргэн эх орондоо буцахаар өргөдөл гаргасан байна. Эдгээр иргэдийн: 51 буюу 1.0 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 365 буюу 7.3 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 58 буюу 1.2 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 88 буюу 1.8 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 6 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, 4,364 буюу 88.5 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн эзэлж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна