Майкрософт компани дижитал ажлын орчныг нэг шатаар ахиулсан шинэ платформыг танилцууллаа. Viva нэртэй уг платформ нь ажилтан, ажил олгогчдыг зайнаас ажиллахад илүү хялбар болгож, цар тахлаас үүдэлтэй амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна хэмээн Майкрософт компани найдаж байгаа аж. Эхний ээлжинд үндсэн плафтормыг ийнхүү танилцуулж байгаа бөгөөд энэ жилдээ багтаж үлдсэн функцууд нь хэрэглээнд нэвтрэх юм байна.
"Бид дэлхийн хамгийн том, өргөн цар хүрээг хамарсан зайнаас ажиллах туршилтыг нүдээрээ үзлээ. Өнгөрсөн 11 сарын хугацаанд цар тахал хүмүүсийн ажиллах, сурах, амьдрах хэв маягийг бүхэлд нь өөрчилсөн. Дэлхий аажим аажмаар сэргэж байгаа ч хуучин руугаа буцах аргагүй болсон. Хэзээ, хаана, хэрхэн, яаж ажиллах вэ гэдэг нь илүү уян хатан болж байна" гэж Майкрософт компанийн гүйцэтгэх захирал Сатя Наделла ярьжээ.
"Бид ажлыг ямар нэгэн биет газартай холбон төсөөлөхөө больж, эрлийз ертөнцөд байгууллагын соёлоо хэрхэн хадгалж, ажилчдаа хооронд нь холбож, хүний оюуны чадамжийг хэрхэн ашиглах талаар бодож эхлэх хэрэгтэй" гэж Майкрософт 365 компанийн тэргүүн Жаред Спатаро онцолжээ.
Viva нь аппликэйшн, үйлчилгээний алин ч биш бөгөөд одоогоор 115 сая тогтмол хэрэглэгчтэй болоод байгаа Microsoft Teams програмын дотор байрлах платформ юм байна. Тус платформ дотроо connections, insights, topics, learning гэсэн дөрвөн үндсэн хэсгээс бүрдэх гэнэ.
1. Viva connections: Ажилчдыг холбоно

Майкрософтын гаргасан судалгаагаар шинэ ажилчдын 60 орчим хувь нь цар тахлын үед хамт олноосоо холдсон мэт мэдрэмжийг авсан гэжээ. Тэгвэл энэ дутагдлыг нөхөх зорилгоор Viva connections-ийг бий болгосон бөгөөд үүнийг байгууллагын дижитал ажлын орчин гэж хэлж болно. Мөн энэ хэсгийг Yammer, SharePoint, Stream зэрэг Майкрософтын програмуудтай нэгтгэсний ачаар ажилчид компанийн дотоод мэдээ, бодлого гэх мэт шаардлагатай бүх мэдээллийг аваад зогсохгүй төрөл бүрийн групп, бүлгүүдэд нэгдэх боломжтой аж.
Viva connections нь Teams програм дээр 2021 оны эхний хагаст багтаж нэвтрэх бөгөөд ирэх зунаас аппликэйшн гарах юм байна.
2. Viva insights: Бүтээмжийг нэмэгдүүлнэ

Ажилтан, менежерүүдэд зориулсан Viva Insights хэсгийн тусламжтайгаар хувийн болон ажлын бүтээмжээ тогтмол хянах боломжийг бий болгожээ. Ажилчдыг хэт их ачаалалд дарагдаж, ажлаасаа халшрахаас сэргийлэх нь энэ функцын гол зорилго юм. Жишээ нь, тухайн ажилтан нэг өдөр хэт олон уулзалттай байна уу эсвэл хангалттай төвлөрч ажиллах боломжтой байна уу гэдгийг мэдэх боломжтой гэнэ.
Удахгүй Headspace гэх мэт ажилчдын амралт, анхаарал төвлөрлийг сайжруулах зорилготой төрөл бүрийн аппликэйшн нэмэгдэхээр болжээ.
3. Viva learning: Ажилчдыг хөгжүүлнэ

Viva Learning бол ажилчид өөрийгөө хөгжүүлэх, суралцах орчин юм. Энд сургалтын материал, онлайн хичээлүүдээс эхлээд төрөл бүрийн боловсролын холбогдолтой контентууд байх гэнэ. Microsoft Learn- өөс гадна LinkedIn Learning, Coursera, PluralSight гэх мэт гадны боловсролын контентуудыг давхар энд байршуулж буйгаараа онцлог.
3. Viva topics: Байгууллагын вкипедиа

Viva Topics хэсгийг тухайн байгууллагын Википедиа гэж хэлж болно. Төсөл, хөтөлбөр, бүтээгдэхүүн, үйлчлүүлэгчид, бичиг баримт, бичлэг, холбогдох хүмүүс гээд ажлын холбогдолтой бүх мэдээллийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар цэгцэлж, түлхүүр үгсийн тусламжтайгаар хайж олоход хялбар болгосон байх юм.
Эх сурвалж: The Verge
Сэтгэгдэл бичигдээгүй байна