Д.Цогтбаатар: ХЭҮК-ын гишүүдийг анх удаа нээлттэй, ил тод сонгон шалгаруулсан

Админ
2021/02/09

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос намрын чуулганаар хийсэн ажлаа танилцуулах үеэр, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааны талаарх асуудлаар хэрэгжүүлсэн ажлын талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мэдээллээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-ын тухай хуулийг 20 жилийн дараа шинэчлэн баталсны үр дүнд тус Комиссын гишүүдийг олон нийтэд нээлттэй, ил тодоор сонгон шалгаруулсан болохыг онцоллоо. Ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооноос долоон үе шаттай нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулсны үр дүнд ХЭҮК-ын дөрвөн гишүүнийг томилжээ. Монгол Улсын парламент 30 жилийн түүхэндээ анх удаа олон нийтийн оролцоотой, нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт зохион байгуулж, томилгоо хийснээрээ онцлогтой гэдгийг Д.Цогтбаатар гишүүн дурдаад “Цаашдаа ийм хэлбэрээр төрийн байгууллагад нийтийг төлөөлж ажиллах төлөөлөл, албан тушаалтныг томилох боломж нээгдсэн. Ингэснээрээ албан тушаалтнууд илүү хариуцлагатай ажиллах тогтолцоо бүрдэж байгаа юм” хэмээн тэмдэглэлээ. Цар тахлын нөхцөлөөс үүдэн хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдөж байгаа Монгол Улсын иргэдийн талаарх асуудлыг Хүний эрхийн дэд хороо хэлэлцсэн бөгөөд холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүргийг Ерөнхий сайдад даалгасан байна. Энэ хүрээнд гадаад улсад гацаад байгаа Монгол Улсын иргэд, хөл хорионы улмаас өдөр тутмын орлого нь тасарсан болон баримт бичиг, бүртгэлийн зөрчлийн улмаас шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа талаар болон хорих анги, баривчлах, цагдан хорих, түр болон албадан саатуулах байр, сэтгэцийн эрүүл мэндийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд болон ахмадын асрамжийн газар, цэргийн анги, хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь түр саатуулах болон хамгаалах байранд халдвараас хамгаалах арга хэмжээ авах, халдвар гарсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө, бэлэн байдлыг хангасан эсэхэд хяналт тавих чиглэл өгсөн байна. Ташрамд дурдахад, тус байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 28 санал, дүгнэлт, дөрвөн танилцуулга, зарчмын зөрүүтэй 235 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Нийт 29 хууль, найман тогтоол батлуулсан, хэлэлцүүлгийн шатанд найман төсөл  байгаа бөгөөд ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэн, батлуулахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна