Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөг зарцуулна
Залуусын хөдөлмөр эрхлэлтэд зориулж 500 тэрбум төгрөг зарцуулах төлөвлөгөө гаргасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Залууст тулгамдаж байгаа гол асуудал нь ажлын байр тул залууст зориулсан хоёр сарын тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байгааг онцлов. Энэ ажлыг БХЯ, ЭМЯ, ХНХЯ, БШУ хамтран зохион байгуулах бөгөөд хагас цэрэгшсэн байдаар, халдвар хамгааллын дэглэмийг барьж тэдгээр залууст төрөөс илчлэг сайтай хоолоор хангаж хоёр сарын түргэвчилсэн вакумжуулсан сургалтад хамруулах юм. Залуусыг тэнд байх хугацаанд томоохон төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа чиглэлээр мэргэшүүлнэ. Сургалтад хамрагдсаны дараа нэг сая төгрөг, сертификат олгох бөгөөд ХНХЯ-ны хөдөлмөрийн биржээр дамжуулан том төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажиллах тэргүүн эгнээнд оруулах нөхцөлийг санал болгоно. Мөн сургалтад хамрагдах үеэр жолооны курст суралцах боломжоор хангах аж.
Тус хөтөлбөрт залуусыг ХНХЯ-наас E-Mongolia цонхоор цахимаар бүртгэнэ. Ингэснээр, сар бүр 500 мянган залууг дээрх тусгай хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байгааг тэмдэглэв.
Сертификат авсан хамгийн олон залууг ажиллуулсан аж ахуйн нэгжид төрөөс татварын хөнгөлөлт болон бусад урамшууллыг олгоно. Мөн хөтөлбөрт хамрагдсан залууст орон сууцны тэтгэлэг болон Засгийн газрын хөнгөлөлтэй бүх хөтөлбөрт хамрагдах нэгдүгээр эгнээнд оруулна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Тэрбээр, "Засгийн газар аль болох шууд бэлэн мөнгө тараахаас илүүтэй санхүүжилт олгож байгаа бол цогц үр дүн авчрах шийдэл рүү явна. Залууст хандаж хэлэхэд, хөдөлмөрлөх хэрэгтэй" хэмээгээд, шинэ боломжийг амьдралдаа бий болгож энэ хөтөлбөрт хамрагдахыг Засгийн газраас урьж буйг дуулгав.
Тус хөтөлбөрийн хүрээнд, гурван жилийн хугацаанд 50-60 мянган залууг энэ хөтөлбөрт хамруулах боломжтой гэсэн тооцоо гарсан байна.
Залуусын ажлын байрыг нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд яамдад байгаа мөнгөний эргэлтийг нэгдсэн байдлаар зохицуулалт хийж санхүү босгох боломж байгааг Сангийн яам гарагж танилцуулжээ.

Сэтгэгдэл бичигдээгүй байна