Өчигдөр буюу 2-р сарын 10-ны орой Улсын Онцгой комисс тодорхой бус шийдвэрийн талаар иргэд олон нийтэд сунжирсэн 2 цаг гаруйн мэдэгдэл хийсэн. Үүнээс яг яах талаар иргэд болон хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид ойлголт аваагүй бухимдалтай байна. Олон нийтэд өгч буй мэдээллээ тодорхой өгч чадахгүй, иргэн бүрээс хариуцлага шаардсан Улсын Онцгой Комисс өнөөдөр хөл хөдөлгөөнийг хорьсон.
Гэвч яг ажиллах ёстой 14 салбарынхан нийтийн тээврээр зорчих уу? Хувийн унаагаар зорчих уу? гэх асуултын хариултыг одоо хүртэл өгөөгүй байгаа юм. Зарим төрийн албан хаагчдын ярьж байгаагаар Цайз 16-аас Хан Уул дүүргийн ажилруугаа өглөө 6:30 минутаас 2 цаг алхаж ирсэн. Машинаа унаад явах гэсэн боловч Цагдаагийн хамгаалалтын зүгээс ямар ч шийдвэр гараагүй учир буцахыг шаардсан гэлээ.

Үүгээр ч зогсохгүй бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хөгшид, эмэгтэйчүүдийг эргүүлд гаргасан тохиолдлууд байна. Тухайлбал нэгэн иргэн "Эрчүүд бид яахав ээ!! Дайн болоход зэвсэггүй ч гараад гүйнэ! Сүр сүр юм яриад өдөр шөнөгүй хуралдаад байсан начир дээрээ нэг ч цагдаа цэрэггүй, 5:30-с хойш эмэгтэйчүүдийг эргүүлд гаргаж байгаа шадар сайд ичиж үх! гэх мэтээр олон нийтийн сүлжээгээр цацжээ.
Зарим иргэдийн хувьд зэвсэгт хүчний ерөнхий командлагч улс төрөө бодоод төрийн албаны бүсгүйчүүдээ үүрийн 5 цагт эргүүл хийлгэж байгаад талархая гэх мэт бухимдлаа илэрхийлжээ.
Ямартай ч У.Хүрэлсүхээр толгойлсон өмнөх Засгийн удирдлагууд дөнгөж төрсөн эхийг нярайн хамт зөөвөрлөхдөө алдаа дутагдал гаргасан учраас огцорсон. Харин Л.Оюун-Эрдэнийн ахлаж буй Засгийн газар төрөөд удаагүй байгаа эмэгтэйг эргүүлд гаргаснаар огцорж чадах болов уу?

Сэтгэгдэл бичигдээгүй байна