Монголын холимог тулааны MGL-1 Fighting Championship холбооны 15-р тулаан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохиогдох байсан. Цар тахлын хоригийн улмаас хойшилсон уг арга хэмжээг энэ ондоо багтаан зохиохоор төлөвлөж байгаа бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан гуравдугаар сарын эхээр зохиож магадгүй аж.
Энэ талаар тус холбоог үүсгэн байгуулагч Ө.Гантөмөр "Тэмцээний тов тодорхойгүй байна. Гэхдээ энэ сарын 26-наас хөл хорио тавигдах сураг байна. Хэрэв тэгвэл тэмцээнийг гуравдугаар сарын эхээр зохиох боломжтой" гэв.
15 дугаар тулааны оргил учраа нь 61 кг жингийн аваргын бүсний төлөө Ардын хүү хочит О.Пүрэв, Б.Азжавхлан нарын хооронд болно. О.Пүрэв нь 2014 онд MGL-1 FC 6-р тулаанд холимог тулааны 57 кг жинд аварга болж байсан ба есөн жилийн дараа ийнхүү 61 кг-д тулалдах юм. Харин Б.Азжавхлан нь 2014 онд болсон MGL-1 FC холимог тулааны 66 кг жингийн хоёрдугаар байрны шагналтай ба Япон Улсын холимог тулааны DEEP холбоонд удаа дараа ялалт байгуулсан тамирчин билээ.
Түүнчлэн 57 кг жинд Ц.Отгонбаяр Ц.Түвшинзаяа болон Б.Цэндсүрэн, М.Мөнхбат нар хэн нь аваргын бүсийн төлөөх тулааныг хийхээ шийдэх юм.
Мөн 70 кг жингийн 2 номерын төлөө одоогоор ганц ч ялагдал хүлээгээгүй тус тусдаа 5 таван ялалт байгуулаад буй Ширэн бээлий клубийн тамирчин П.Содномдорж, ХЦ 0303 тусгай салбарын тамирчин Н.Цацрал хоёр тулна.
Ингээд 57, 61, 66, 70 кг жингийн чансаа ахиулах 4, нийт 10 тулаан зохиохоор төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна