Израилын хувьд спорт төдийгүй улстөрийн салбарт ч түүхэн явдал болж байгаа юм. Учир нь Иран улс чөлөөт бөх, жүдо, шатар гээд бүхий л спортын тамирчдаа Израилын тамирчидтай өрсөлдөхийг хориглодог. Энэ нь ч Саидыг иргэншлээ сольж, Монголын нэрийн өмнөөс барилдахад хүргэсэн билээ. Иран тамирчин, тэр дундаа дэлхийн аварга бөх Израильд анх удаа очиж байгаа нь энэ.

Саидыг Бен-Гурион нисэх буудал дээр Израилын жүдо бөхийн холбооны тэргүүн Моше Понти угтан авчээ. Моллаи “Халуун дулаанаар угтан авсанд баярлалаа. Би энэ тэмцээнд оролцох гэж байгаадаа баяртай байна. Бүх израильчуудад аз жаргал, сайн сайхныг хүсье” гэж хэлсэн байна.
Харин Моше Понти “Энэ бол түүхэн үйл явдал. Би Саид Моллаи, түүний дасгалжуулагч Мухаммед хоёрыг хараад сэтгэл их хөдөллөө. Саид бол маш эрэлхэг, гайхамшигтай хүн. Бүгд түүнд хайртай. Тэр бол жинхэнэ баатар, жинхэнэ тамирчин. Саидыг Иранаас Израильд авчирснаараа бид түүхэнд орлоо. Энх тайван мандтугай” гэж баярласан сэтгэлээ сэтгүүлчдэд илэрхийллээ.
Саид Израилын Саги Мукитай ижил 81 кг-ийн жинд барилддаг. Саид, Саги хоёрын барилдааныг үзэхийг жүдо сонирхогчид хүсэж байгаа нь маргаангүй. Гэхдээ хамгийн гол нь татамигийн гадуурх улстөр түүнд бүү саад болоосой.
Эх сурвалж: zindaa.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна