Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагадаа “Улаанбаатар хотод үйлчилж буй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил бий болсон. Мөн нийслэл хотын эдийн засаг, нийгмийн амьдралын онцлогт тохирсон эрх зүйн зохицуулалтгүйгээр явж ирсэн. Эдийн засаг, санхүүгийн асуудлаа бие даан шийдвэрлэх эрх зүйн боломж зарим талаараа хязгаарлагдмал зэрэг олон асуудал бий. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай байна” гэлээ.
Уг хуулийн төсөл нь нийтлэг үндэслэл, нийслэл хотын чиг үүрэг, нийслэл хотын эдийн засаг, санхүүгийн үндэс, нийслэл хотын удирдлагын тогтолцоо, нийслэл хотын удирдлагаас бусад этгээдтэй харилцах харилцаа, нийслэл хотын дагуул хот, хаяа тосгон, бусад гэсэн долоон бүлгээс бүрдэх юм байна.
Тухайлбал, Нэгдүгээр бүлэгт тухайн хуулийн үйлчлэх хүрээ, хэрэглэх хууль тогтоомж, нийслэл хотын зохион байгуулалтын үндэс нь нийслэл хотын онцлогтой холбоотой байхаар тусгах аж. Мөн нийслэл хот ба бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын харилцааны үндсийг энэ бүлгээр зохицуулах юм байна. Энэ хуулиар нийслэл хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг Газрын тухай хууль, бусад хуультай уялдуулан нарийвчлан зохицуулж, эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийвэрлэх бодит чадвартай байх үндсийг тусгах аж. Түүнчлэн нийслэл хот өмчтэй байхаар хуульд нарийвчлан тусгана гэлээ. Мөн Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын онцлог бүрэн эрхийг хуулиар тодорхойлж өгөх бөгөөд Хотын ерөнхий менежерт хотын зарим эрхийг шилжүүлэх аж.Хуулийн төсөл батлагдсанаар нийслэл хот, түүний удирдлагын эрх зүйн орчин боловсронгуй болж, хууль хэрэглээний болоод зохион байгуулалт, удирдлагын хувьд нэг мөр, ойлгомжтой болохоос гадна Үндсэн хуулийн үзэл баримтлалтай бүрэн нийцэх бөгөөд хууль хоорондын уялдаа хангагдана хэмээн үзжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна