Ерөнхийлөгч Х.Баттулга шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хангана гэснээ биелүүлэх эсэхийг одоо л харах үлдлээ

Админ
2021/02/24

ҮАБЗ, АТГ, хууль, шүүхийн нэр бүхий ажилтан, албан тушаалтнууд хөл хорио зөрчиж, нэг дор цуглаж, архидсан, ингэхдээ биеэ үнэлэгчид авч үйлчлүүлсэн байж болзошгүй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаад биеэ үнэлэлт зохион байгуулсан байх үндэслэлтэй гэж үзэн хэрэг бүртгэл нээхээр прокурорт хандаад байгаа билээ. Хэрэв биеэ үнэлэгч авч үйлчлүүлсэн нь тогтоогдвол уг шүүгч нарыг 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн нь олон нийтийн дургуйцлийг төрүүлж буй юм. Тухайлбал, хөл хорио зөрчсөн иргэдийг 500 мянга, харин хөл хорионы үед бөөгнөрч, архидаж, биеэ үнэлэгч авсан хууль, шүүхийнхнийг 50 мянган төгрөгөөр торгоно гэж байгаа нь шударга бус байна. Хуулийг дээдлэх, хууль сахиулах эрх үүрэг бүхий албан тушаалтнууд өөрсдөө хууль бус үйлдэл хийж байгаад хариуцлага тооцох ёстой гэсэн иргэдийн байр суурь олон нийтийн сүлжээнд давамгайлсан. Улмаар 100 гаруй иргэн өнөөдөр шударга ёсны төлөө Сүхбаатарын талбайд жагсаж, ёс зүйгүй шүүгчдэд хариуцлага тооцож, тэднийг огцруулахыг шаардсан шаардах бичгийг Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлээд байна. Мөн тэд өчигдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлд шаардлага хүргүүлжээ. Монголд шударга ёс тогтох уу үгүй юу гэдэг нь хууль, шүүхийн байгууллага өөрөө  хэр цэвэр, ёс зүйтэй, хэр шударга байхаас шууд хамаарна. Их хурлын индэр дээр нь иргэдийг шударга шүүхээр шүүлгэх эрхээр хангана хэмээн тунхагласан эрхэм Ерөнхийлөгч үүнд хэр шударга хандахыг одоо харах л үлдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна