Монгол Ардын Намын гишүүд, Эрхэм журмын нөхөд өө!
Монгол Улсын түүхэнд нэгэн зууны түүхийг бүтээж буй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Эх орончдын өдрийн баярын мэндийг Монголын нийт ард түмэндээ өргөн дэвшүлье!
Монгол Ардын Намын түүх бол Монгол Улсын ХХ-р зууны хөгжил дэвшлийн түүх юм. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бататган бэхжүүлэхийн төлөө шаргуу тэмцэл, улсын их бүтээн байгуулалт, ард иргэдээ соёл, боловсрол, ахуйн шинэ төвшинд гаргасан нөх их ажил хөдөлмөр зүтгэл, Монгол улсаа дэлхий ертөнцөд тунхаглан таниулсан амжилтын түүх билээ.
Монгол Ардын Намыг үүсгэн байгуулалцаж, Монгол эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө алтан амь, бүтэн амьдралаа зориулсан эх оронч баатарлаг дайчдаа мэхийн хүндэтгэе. Монгол Улсын түүхийн бүхий л цаг үед бодлогын төдийгүй бүтээн байгуулалтын үйлсэд залуу халуу нас, сэтгэл зүрхээ зориулсан эрхэм хүндтэй ахмад буурлуудынхаа гавьяа зүтгэлд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Монгол Ардын нам одоогоос 100 жилийн өмнө Ази тивд анхны улс төрийн хүчин болж байгуулагдсан энэ өдөр бол зөвхөн Монгол Ардын Намын төдийгүй, Эх оронч Монголчууд та бидний баярын өдөр юм.
Бид бие даасан, хараат бус, олон тулгуурт эдийн засагтай хөгжлийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж Монгол улсад бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүлэхэд маш ойрхон байна. Эх орон маань одоо хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож, Сайхан цагийг авчирч сайн сайхан амьдралд хүрэх ирээдүй ч мөн адил ойрхон ирлээ. Монгол Эх орныхоо төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй та бүгддээ, намынхаа бүх гишүүд, дэмжигчид, элэг нэгт Монгол ахан дүүсдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе!
Монгол Улс үүрд цэцэглэн хөгжиж, Монгол хүн бүр эрүүл энх аз жаргалтай байх болтугай
Ардын нам, Ардын засаг мандтугай!
Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн Энхтайваны Бат-Амгалан гэжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна