Мьянмарын цэргийнхэн Засгийн эрхийг авснаас хойш тус улсад төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилсээр байна. Жагсагчид болон цагдаа нарын хооронд удаа дараа мөргөлдөөн гарсаар байгаа ба хүчнийхэн нулимс асгаруулагч, флаш гранат, резинен сум ашиглажээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр мөргөлдөөний үеэр дахин дөрвөн хүн амиа алдсан байна. Үүний гурав нь Давей, нэг нь Янгон хотод бүртгэгдсэн бөгөөд 20 орчим хүн шархаджээ.
Өчигдөр Янгон хотын гудамжид 10 мянга орчим хүн оролцсон тайван жагсаалын үеэр цагдаа нар нулимс асгаруулагч шидсэн ба нэгэн залуу бичлэг хийж цахим орчин тавьжээ.
Цус болсон нэгэндээ тусалж буй жагсагчдын дунд байсан тэрээр "Өглөөний 9 цагийн үед бидэн рүү нулимс асгаруулагч шидэж эхэлсэн. Бүгд өөр зүгт зугтан, сандарцгааж байна. Юу хийхээ мэдэхгүй байгаа ч эндээ хэсэг хүлээнэ. Энд үнэхээр аймшигтай байна" гэжээ.
Мьянмарын төрийн мэдлийн MRTV телевизийн мэдээлснээр өчигдөр болсон жагсаалын үеэр 470 гаруй хүнийг баривчилжээ.
Цагдаагийнхан хүч хэрэглэх нь ихэссэн тул мөргөлдөөнд хохирох жагсагчдын тоо нэмэгдсээр байна. Жагсагчдын хэлснээр цагдаа нар анхааруулга ч өгөлгүй резинен сумаар буудаж эхэлсэн бөгөөд жагсаалыг тараахаар хүч нэмэгдүүлж байгаа аж.
Эх сурвалж: TheGuardian, BBC

Сэтгэгдэл бичигдээгүй байна