Леброн, Златан хоёрын хэнийх нь зөв бэ?

Админ
2021/03/01

Шведийн шигшээ баг болон АС Милан клубийн хөл бөмбөгчин Златан Ибрахимович NBA-ийн Лос Анжелес Лейкерс багийн сагсан бөмбөгчин Леброн Жеймсыг улс төрөөс хол байхыг зөвлөснөөр эхэлсэн хоёр алдартны маргаан олон нийтийн анхаарлыг татаад байна. Златан Discovery+ телевизэд өгсөн ярилцлагадаа Леброн Жеймс зэрэг спортын оддын улс төрийн идэвхийг шүүмжилсэн юм. Тэрээр "Чаддаг зүйлээ, хийдэг төрлийн зүйлээ л хий. Миний хувьд хөл бөмбөг тоглохдоо хамгийн  сайн учраас хөл бөмбөг тоглодог. Би улс төрч биш. Хэрвээ би улс төрч байсан бол улс төр хийх байсан. Энэ бол алдартай хүмүүсийн нэрд гарангуутаа хийдэг эхний алдаа" гэжээ. Харин үүний хариуд Леброн баасан гарагт Портлэнд багийг хожсоныхоо дараа "Би буруу зүйлсийг хараад дуугүй өнгөрч чадахгүй. Тэгш эрх, шударга ёс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт гээд нийгэмд болж буй зүйлсийн талаар үгээ хэлнэ. Би зүгээр л урдахаа хийгээд явж чадахгүй. Учир нь миний дуу хоолой ямар хүчтэй нөлөөтэйг мэднэ. Златан ч өмнө арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг үг хэлж байсан шүү дээ" хэмээжээ. Златан 2018 онд Canal+ телевизэд өгсөн ярилцлагадаа Шведийн бусад тоглогчидтой ижил үйлчилгээг авахгүй байгаагаа хэлж "Энэ бол далд ялгаварлан гадуурхалт" гэж байсан юм. Леброн ч мөн өмнө улс төрийн идэвхийнхээ төлөө шүүмжлүүлж байсан бөгөөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг өвдөг сөгдөх үйлдлийн талаар Дональд Трамптай маргаж байв. Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна