Г.Солтан өндөр настай, бие муу учир хоригдмооргүй байна гэжээ


УИХ-ын гишүүн асан Г.Солтанд өнгөрсөн жил хатуухан жил байв. Тэрбээр албан тушаалаа ашиглаж, ЖДҮ-ийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий компанид 950 тэрбумын зээл авсан хэргээр гурван шатны шүүхээс гурван жилийн хорих ял сонссон. Түүнчлэн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасуулсан байдаг. Тэрбээр одоо хорих ялаа эдэлж буй.

Г.СОЛТАН: ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГТЭЭ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ГЭМШИЖ БАЙГАА

Тэрбээр шүүх хурлуудын үер үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаагаа хэлсэн байдаг. Тодруулбал, "Миний бие анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа бөгөөд өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар аль ч шатны шүүхэд маргаж байгаагүй билээ. Мөн прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хохирол төлбөрөө нөхөн төлсөн. Давж заалдах шатны шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн. Би 63 настай, эрүүл мэндийн байдал маш хүнд байна. Хаалттай хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хэдий ч даралт байнгын өндөр, хамаг бие хавагнасан, зүрхний цохилт өндөр, шөнө нойргүй байдалтай байна. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн өндөр настай, эрүүл мэндийн шалтгаан зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөөч аль эсвэл хорих ялыг хуульд заасны дагуу багасгаж өгөөч” гэжээ.

Түүнчлэн өмгөөлөгч нь шүүгдэгч Г.Солтаны санал болгосны дагуу энэ гэмт хэргийг Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг үйлдэж, гүйцэтгэсэн. Гэтэл түүнд торгох ял оноосон. Тиймээс Г.Солтанд ч гэсэн Б.Батзоригт оноосон ялаас багагүй ял оноох хуулийн заалт байгаа хэмээн маргасан байх юм. Гэвч энэ бүхнийг шүүх харгалзаж үзээгүй юм.

Б.БАТЗОРИГ ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖ, ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР 40 САЯАР ТОРГУУЛСАН

Хэрэг явдлыг сануулбал, Г.Солтан УИХ-ын гишүүн байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар төрсөн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг нь ажилладаг өөрийн хамаарал бүхий "Монгол Шаазан” ХХК-д "Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авахын тулд шаардлага хангахгүй төслийг дэмжүүлэхээр Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт нөлөөлсөн байдаг.

Улмаар Б.Батзориг гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлж, хатгагчаар хамтран оролцсон болох нь тогтоогдсон юм. Түүний хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар 40 сая төгрөгөөр торгуулсан билээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна