С.Амарсайхан чадаагүй учир 7 жанжин нь урвалаа


Дархан, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан аймаг хилийн шугамуудаа тогтоон, шалган нэвтрүүлэх постуудаа байгуулан тусгаар тогтнолоо зарлалаа.Ийм пост нийгмийн сүлжээгээр тархаж энэ долоо хоногийн улс төрийн онцлох үйл явдлуудын нэг боллоо. Үндсэндээ 1400 оны үеэс Бага хаадын үе дуустал буюу Монголын түүхийн харанхуй үед нэгдсэн захиргаагүй Монгол болж хэн дуртай нь улс байгуулан тоглосон байдаг.


Агуу түүхт Монголын хамгийн эмгэнэлтэй бас сургамжтай үе.

Үүн шиг Дархан, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан аймгийн хувьд тусгаар тогтнолоо зарлаад, явчихаагүй ч гэлээ энэ бол анхаарах ёстой хамгийн том асуудал. Цар тахлын энэ цөвүүн цагт нэгдсэн зохион байгуулалттай нэг Монгол байж чадаагүй гэдгийн хамгийн том баталгаа. Үндсэндээ Чингэс хаан Их Монгол Улсаа тунхаглан дэлхийн улс, гүрнүүдийг хар сүлдэн дороо нэгтгэхээр хөдлөхөд Жамуха анд нь салж оддог шиг Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайханы Ковидтой хийх аян дайнд дээрх аймгуудын дарга нар нэгдэхгүй өөр, өөрийнхөө арга тактикаар тулалдана гэсэн үг. Улаанбаатартаа 1.5 сая хүнийг хоёр жил дамнан хорьсны эцэст сая нэг юм хөдөлгөөн нээгдээд 10 ч хонолгүй Монголын иргэд долоон аймгийн нутаг дэвсгэрт хөл тавих эрхгүй болов.

Яг өөр улс мэт. Гэхдээ энэ долоон аймгийн Засаг дарга нар хамгийн зөв шийдвэрийг ч гаргасан байж мэднэ. Монгол даяараа Ковидын боол болж энэ өвчинд голомтоо самруулж байснаас ядаж долоон аймгийн иргэд эрүүл энх, саруул сайхан байг. Тэгээд ч муу жанжины туган дор хэн нэгдэх билээ.

Ялагдсан жанжины бодлогыг хэн дагаж бас сөнөж байлаа. Улаанбаатарын иргэдийг 12 хоногийн турш хориход Ковид алга болно, залгаад вакцинжуулахад.. хэмээн их хэмжээний хөрөнгө цацсан Улсын онцгой комиссын хийсэн ажлын үр дүн энэ. Эсрэгээрээ алга болох ёстой Ковид улам хүчтэй тархаж хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдрүүд өнгөрч байна. Уг нь Улсын онцгой комиссын амласнаар өнөөдөр Монгол Улс кoвидоос ангижирсан байх ёстой.

Ямар ч үр дүнгүй хөл хорио, хайран төсөв мөнгө хий зүйлд үрэгджээ. Хайран төсөв, хайран цаг хугацаа. Эргээд харахад хөл хорио дуусахтай залгаад вакцинжуулалтын ажлыг хийгээд дараа нь Ковидын голомтоос ногоон бүс рүү зорчих хөдөлгөөнийг нээх ёстой байж. Үүнийг фронт командлагч С.Амарсайхан хийсэн бол ялалт байгуулж, ялгуусан тугаа мандуулах байсан болов уу. Гэвч тэр чадсангүй. Долоон жанжин нь урвачих шиг боллоо.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна