Ковидтой эвлэрэх нь эвлэрч, иргэд ажлын байраа алдаж, элгээрээ хэвтэх нь хэвтсээр яг нэг жил өнгөрч байна. Дотооддоо халдвар алдалгүй хэдэн сарыг өнгөрөөсөн ч сүүлийн хэдэн сар ковидын халдвар өдөрт 50-200 иргэдээс илэрч буй. Энэ сарын 1-нээс Монголд вакцин орж ирж эхнээсээ хийлгэсээр яваа ч үр дүнтэй эсэхт эргэлзсэн хэвээр. Гэтэл өчнөөн сараар хөл хорио тогтоож, халдварыг хумина гэсэн удирдлагуудын элдэв булхай, башир аргууд ил болсоор байна. Өчигдөр Шадар сайд С.Амарсайхан 23:00 цагийн үед Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-д ажиллажээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ажилчидтай холбоотой ноцтой асуудлыг ил болгов. ХӨСҮТ-ийн ажилтан хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгээ хуурамчаар үйлддэг, иргэдээс мөнгө авдаг байж боломгүй хэрэг үйлддэг байжээ. Голомтон дээр ажиллаж буй, тангараг өргөсөн хүмүүс нь хүний эрүүл мэндэд халтай үйлдэл гаргахаар өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй гээд яах билээ. Шинжилгээг үнэн зөв гаргаж, аль болох халдвар гаргах эрсдлийг бууруулах ёстой байтал ийм үйлдэл гаргана гэдэг байж боломгүй хэрэг. Тэр бүү хэл иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой зүйлээс төлбөр мөнгө авна гэдэг хэрээс хэтэрсэн асуудал. Ийм ноцтой алдаа, ашиг хонжоо харсан үйлдлээс болж улсын иргэд тэр чигтээ айдас, аюулд унаж байхад тоохгүй байна гэдэг даанч харамсалтай. Сүүлийн 24 цагийн байдлаар ковидын 130 тохиолдол илэрчээ. Хэдэн сарын турш хатуу хөл хорио тогтоосны дүнд ийм хариу гарсаар л байвал хэн хариуцлага хүлээх ёстой вэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна