Төмөр замын ажлаас мөнгөө авч чадаагүй компани, ажилчид жагсаал хийхдээ тулжээ


-“Тавантолгой-Зүүнбаян төмөр зам”-ын төсөлд ажилласан компаниуд ажлынхаа үлдэгдэл хөлсийг авч чадалгүй есөн сар болсон байна-

“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл”-ийн туслан гүйцэтгэгч нар 2020 оны долоодугаар сараас хойш хийсэн ажлынхаа мөнгийг гүйцэт авч чадахгүйгээс цалин, лизинг, түрээсээ төлж чадалгүй бүтэн есөн сарын нүүр үзэж байгаа юм байна. Тодруулбал, тус төмөр замын доод бүтээцийн ажлыг туслан гүйцэтгэгч 50 гаруй аж ахуйн нэгж 100 хувь гүйцэтгээд байгаа юм. Гэвч хийсэн ажлын 20 хувийн төлбөрийг нь өгөлгүй ийнхүү олон сар болсон аж. Нийтдээ 90 гаруй тэрбум төгрөгийн асуудал байгаа аж. “Монголын төмөр зам” компани өнгөрсөн жилийн долоон сараас өмнө эхний хэсгийг шилжүүлээд сураг алдарчээ. Үлдсэн мөнгийг нь “Эрдэнэс Тавантолгой” өгнө гэж байгаа ч хэзээ гэдэг нь тодорхойгүй ингэж удсан байгаа юм. Эдгээр туслан гүйцэтгэгчид төмөр замын ажлаас хойш цар тахлын улмаас хэдэн сараар түгжээтэй байсны гороор санхүүгийн чадавх нь суларч туйлдаа хүрсэн байна. Ажилчдаа арайтай л өлбөрүүлчихгүй торгоож буй гэх. Тиймээс төмөр замд ажилласан компаниуд цалин, түрээс нь хуримтлагдаж, ажил гүйцэтгэсэн мөнгөө авч чадалгүй тэвчээр алдарч жагсаал цуглаан хийхдээ тулаад байгаагаа учирлаж байна лээ. Төрөх эмнэлгээс нялх биетэй эмэгтэйг авч гарахдаа зүй бус харьцсан асуудлаар жагсаал болоход Засгийн газар огцорч байлаа. Одоо энэ олон компанийн хэдэн зуун ажилчид, тэдгээрийн ард буй мянга мянган хүний аж амьдрал яригдаж байхад ямар явдал болох ёстой вэ.

Монголын хамгийн том бүтээн байгуулалт хэмээн хөөрцөглөж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын 76 гишүүн удаа дараа очиж танилцаж байсан ажил ардаа ийм бантан зуурчээ. Улстөрчид, нам эвслийнхэн гээд хэн эс очсон билээ дээ. Төслийн ажил эд өрнөж байхад төрийн өндөр албан тушаалтнууд очоод “Түүхэн төсөл” гээд хөөргөөд байхаар компаниуд, ажилчид урам орж ёстой чадлаараа ажилласан байгаа юм. Тиймээс ч түүхэн төслөөс гадна түүхэн богино хугацаанд гүйцэтгэсэн ажил болсон гэдэг. Монгол хүн ажил хийж чаддагийн баталгаа ч энэ мөн. Дээр нь цэргийнхэн төслийг удирдаж байсан болохоор ажлын талбайд ажилчид алхаж биш гүйж ажилласан юм билээ. Ямар их дэгтэй, сэтгэлтэй байсны л илрэл шүү дээ. Гэтэл үүний хариу нь өнөөдөр идэх талхгүй болж ирж байна гэж эдгээр компанийн ажилчид бухимдаж байна. Тэд “Хөдөө хөхөрч, гадаа гандаж, өдөр шөнөгүй морь, нохой шиг улсынхаа хамгийн том бүтээн байгуулалтад ажилласны хариуд ингэж молигодуулж байна. Одоо дахиад хүлцэнгүй ноомой байж чадахгүй, цуглана, жагсана” гэж байгаа аж.

Төмөр замын доод бүтээцийн ажил гэдэг нь газар шорооны ажил, хоолойн ажил юм. Хамгийн хүнд хүчир, нүсэр ажил гэсэн үг. Ийнхүү нэг талаас улсынхаа хамгийн том бүтээн байгуулалтад гар бие оролцож, нөгөө талдаа ажил төрөл хийж амьдрал ахуйгаа өөд нь татах гэсэн дотоодын компаниуд, ажилчид л хамгийн түрүүнд хохирдгоороо хохирч байна. Цар тахлаас болж орлогогүй болсон ажилчдын амьдрал ямар байгааг ажилтай танилцаж явсан олигарх улстөрчид ойлгоно гэж үү. Тэд амь зуулга тасарчих гээд компаниасаа цалингаа нэхдэг, компани нь “Монголын төмөр зам” мөнгө өгөхгүй байна гэж өдөр хоног аргацааж байгаа нь шударга явдал мөн үү. Дотоодын компани, монгол ажилчид хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй ингэж олон сараар хохирч байгааг Засгийн газар анхаарах цаг нь болжээ. Халамж гуйсан биш хийсэн ажлынхаа хөлсийг нэхсэн хүмүүс өлөн зэлмэн, дорд үзэгдэж байхдаа жагсахаас өөр яах ч билээ дээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.244
    2021/03/19

    jagsaalaa boliochee dandaa jagsaal arai arai koronagaa yay gej baihad

    Хариулах