Нийслэлчүүд Д.Сумъяабазар гэдэг бөх-даргатай болоод багагүй хугацаа өнгөрлөө. Орон нутгийн сонгуулиар нийслэлд ялалт байгуулсныхаа шагналд тэр УИХ-ын гишүүнийхээ сэнтийг хотын мэрийн суудлаар сольсон. Өөрт нь итгэл хүлээлгэж дахин сонгосон сонгинохайрханчуудын итгэл хоёрдугаарт, нийслэл хот гэдэг их айлыг удирдах эрх мэдэл нэгдүгээрт... Ийм л сонголтыг хийсэн бөх. Ногоон зүлгэн дээр эр бяраа гайхуулж ганцаараа дэвж сурсан тэрбээр улс төрд ч энэ зангаа тавиагүй. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад тусдаа “Вант улс” байгуулж, ганцаарчилсан тоглолт хийдэг байсан нь одоо ч хэвээр. Өмнөх парламентын үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхдаа “Блүмберг”-ийн Э.Долгион, бас бус олны танил бус жиргээчтэй хамт Сингапурт усан онгоцон дээр романтик гэгч нь нэвтрүүлэг хийж, өөрийгөө бараг л Монголын Ерөнхий сайд-2 мэтээр сурталчилж, “Өмнөд Солонгосын хөгжлийн эцэг” гэгддэг Пак Жөнхи генерал шиг стиль, имижийг харуулах гэж самбарын өмнө хичээл зааж “хэлбэрдсэн”. Төд удалгүй тэр нь “Нөгөө бөх чинь намын даргадаа гар хүрч гэнэ” гэдэг сошиал шуугианаар замхарсан. Ингээд мань эр хариугаа хүртэж, орон нутгийн сонгуулиар намаасаа дэмжлэггүй шахам нийслэлийн МАН-ыг удирдсан гэдэг. “Төв намтайгаа таарамж муутай байдаг” гэх Д.Сумъяабазарыг хотын мэрийн суудлаар хуурч, УИХ-ын гишүүний бүрэн эрхгүй болгосон нь ч хөшигний цаадахь улс төрийн нэгээхэн заль” гэж улс төрийн хүрээнд ярьцгаадаг. “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэгчлэн бөх-даргын хувьд арга зальтай улстөрчдийн уран мэхэнд ийн унасан ч байж болох. Ямартай ч “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа солигдоно” гэх яриа бий.
“Д.Сумъябазар нийслэлийн Засаг дарга болмогцоо “Сонгинохайрханы фракци” болон хувийн банкныхаа ажилтныг орлогчоороо томилжээ” гэх мэдээлэл багагүй шүүмжлэлд өртсөн. Түүгээр ч зогсохгүй өнгөрсөн аравдугаар сард тамгаа гардаж авснаасаа хойш буюу өнгөрсөн зургаан сарын хугацаанд Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн даргаа гурван ч удаа солилоо. Тэр дундаа олны гайхшралыг төрүүлсэн сонголт нь УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшиж байсан “Блүмберг”-ийн Э.Долгионд ПР-аа хариуцуулсан явдал юм. Э.Долгионы цаад эзэн нь Худалдаа, хөгжлийн банкны “Сахал” Д.Эрдэнэбилэг гэхээр хачирхалтай бус уу. МАН-ынхан 2016 онд УИХ-д олонхи болмогцоо “Эрдэнэт”-ийн 49 хувийнхантай ана мана ач тач үзэлцэж байхад Д.Сумъяабазар хотын мэр болонгуутаа 49 хувийнхны төлөөлөл болох хүнд ПР-аа хариуцуулсан нь!? Хамгийн сонирхолтой нь Д.Сумъяабазарын сонгосон медиачид сэтгүүлчдээс “зугтдаг” зантай аж. Дарга нь тийм даалгавар өгдөг үү, бүү мэд. Утсаа авахгүй, уулзаж нүүр тулж ажил хэрэг ярилцана гэж бүр байхгүй, тийм л медиачид. Өнгөрсөн хугацаанд медиаг нь хариуцсан нөхөд нь бүгд тийм байсныг “манай” бөх-дарга мэдэж байгаа болов уу. “Таны ПР-ыг хариуцна” гэж өмнө нь бөхөлзөж тонголзох нь холгүй итгэлийг нь олсон медиачид үнэн хэрэгтээ хаалгыг нь хаамагцаа өөрийг нь хуурч, хэвлэл мэдээллийнхэн төдийгүй нийслэлчүүдийн зүгээс хасах оноо цуглуулж өгсөөр ирснийг мань дарга ойлгоогүй яваа байж мэдэх л юм. Угтаа нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс гэдэг нь хотын удирдлагуудын нүд, чих нь байж иргэд, хэвлэл мэдээллийнхэнтэй холбох гүүр нь болж ажиллах учиртай. Харамсалтай нь хотын хэвлэлийн “Хонгормаа” нь утсаа авдаггүй, уулзаж ажил төрөл ч ярьж сураагүй, Д.Сумъяабазараасаа ч илүү хүнд сурталтай аж. Хот, иргэн хоёрын харилцаа холдож, хотын мэдээлэл иргэдэд хүрэхгүй байгаагийн нэг шалтгаан ч энэ байх. Хот гэдэг дээд, доод бүтэц бүхий “их айл” өнөөдөр цар тахалд жинхэнэ утгаар дарлуулж байгаа нь Д.Сумъябазарын багийнхны муу менежмент, засаг төрөөсөө тусгаар царайлж том толгойлж байгаагийн гай ч гэж болохоор байна. Ямартаа л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ирэхэд угтах ч хүнгүй, уулзаад ярилцах дарга нь ч байхгүй барайлгаж байх вэ дээ. Нийслэл хотод тахал нүүрлэчихээд байхад ааруултай усаар амныхаа цангааг тайлдгаа сошиалд гайхуулж суусан Д.Сумъяабазар энэ мэт ПР алдаа гаргаж, улс төрд ганцаарчилсан тоглолт хийж байна. Харин мөнөөх мундаг медиачин “Хонгормаанууд” нь юу хэлж зөвлөж байдаг юм бол доо. Хотын мэрийн хувийн ПР-ыг хариуцдаг “Хонгормаанууд”-ыг Д.Сумъяабазар халааснаасаа биш, иргэдийн татварын мөнгөөр цалинжуулдгийг энэ дашрамд дурдах нь зүйтэй байх. Д.Сумъяабазарын хэвлэлийг хариуцдаг гэх “Хонгормаанууд” дээр сэтгүүлчийн зүгээс “тест” хийхэд ийм л хүнд сурталтай, эзнээсээ ч том аж. Утсаа авах соёлгүй хүмүүс Улаанбаатар хотыг удирдаж байгаа хүнтэй ажил хэргээ хэрхэн ярилцаж, ажлаа олон нийтэд яаж сурталчилдаг нь ч хачирхалтай. Зөвхөн Д.Сумъябазар гэлтгүй сүүлийн үед дарга, сайд нар хувь хувьдаа медиачидтай болцгоосон. Сэтгүүл зүйд танигдаагүй, бүтээл туурвил гэж үгүй, мэдээ бичих нь байтугай зөв бичиж чадахгүй шахам нөхдөд төрийн албаны хэвлэл мэдээллийг хариуцуулах болсноор элдэв гаж үзэгдэл ч их гарах боллоо. Хувийн харилцааны тухайд ярих ч юмгүй нөхөд даргынхаа рейтингийг өсгөх биш, харин ч сошиалаар нэг балбуулж байгаа дүр зураг өдөр бүр л харагдах. Мэргэжлийн ур чадвар гэхээр юмгүй ч хорлонтой, хорчин тэдгээр медиачид нь хэвлэлийнхнийг ялгаварлаж, өөр өөрсдийн танил сайтынхнаар дамжуулж мөнгө зувчуулдаг, хамтын ажиллагааны гэрээ байгуулчихаад хувь авдаг гэх яриа ч бий. Хамгийн халгаатай нь хамтын ажиллагааны гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа сурталчлуулах гэрээгээ “Хаалтын гэрээ” гэж эндүүрнэ... Тийм гэрээ байгуулчихаад “Манай даргыг муулж болохгүй шүү” гэж шогтоно. Энэ мэт үзэгдлээ цэгцлэхгүй бол хэвлэлийн албадын “Хонгормаанууд” чинь хорлоод байна даа, дарга нар аа.
Г.Сар
Эх сурвалж:http://analiz.mn/postview/1534...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.27
Гадаад харьяатын газрын хэвлэлийн албанаас хотын хэвлэлийн албыг атгасан юм биз дээ. Сэтгүүлч ч гэж дээ. Иймэрхүү хүмүүсийг сэтгүүлч гэдэггүй, тавиул хүүхэлдэй гэдэг юм.
Хариулах103.10.20.197
НЗДТГ-ын хэвлэл мэдээлийн хэлтсийн шинэ дарга Хонгорзул ажлаа аваад удаагүй байхдаа тус хэлтсийн хуучин ажилчдыг бүгдийг нь ажлаас чөлөөлсөн. Сэтгэлзүйн дарамт үзүүлэн өргөдлөө өгөхөд хүргэсэн байдаг юм билээ. Энэ талаар бас судлаарай кк
Хариулах