Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНМАУ, ОХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаад Төрийн дээд шагнал "Чингис хаан" одон өнөөдөр гардууллаа.
Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, "Монголчуудын язгуурын дээд шүтээн, сэтгэлгээний гүн бэлгэдэл нь сансар огторгуйн чанадад орших мөнх тэнгэр ба замбуу тив гэх дэлхий байжээ. Сансар огторгуйг танин мэдэх хүн төрөлхтөний хүсэл, мөрөөдөл нь шинжлэх ухааны гайхамшигт нээлтэд хөтөлж 60 жилийн өмнө сансарт анх хүн ниссэн байна. 40 жилийн өмнөх энэ өдөр 22.40 цагт Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа, ОХУ-ын иргэн В.Жанибеков нарын хамтарсан баг "Союз-39" хөлгөөр сансарт нисэж, гуравдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газардсан билээ. НҮБ-ын гишүүн 194 улсаас 36 нь сансарт иргэнээ нисгэсэн. Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь улс, Ж.Гүррагчаа нь сансарт ниссэн Ази тивийн хоёр дахь хүн болсон. Монгол хүн сансарт ниссэнээр манай улсад сансар судлал хөгжих эхлэлийг тавьжээ. БНМАУ, ОХУ-ын баатар Ж.Гүррагчаа бол Монголчууд төдийгүй, дэлхийн бахархал мөн. Дэлхий дахинд монголын суу билгийг алдаршуулж, эх оронч үзэл, үндэсний бахархалыг бадраасан гавьяаг үнэлж, Төрийн дээд шагнал - тэргүүлэх зэргийн одон "Чингис хаан" одонгоор түүнийг шагнаж байна" хэмээсэн юм.
Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, "Сансрын хамтарсан нислэгт олон хүний хөдөлмөр, бүтээл шингэсэн. Маш олон байгууллага, эрдэмтэн, судлаачдын үйлсээр дээд цэг нь болсон сансрын нислэгт биеэр оролцсонд намайг өндрөөр үнэллээ. Энэ бол сансрын нислэгт оролцсон бүх хүмүүсийг үнэлж байгаа явдал юм. Буян хишгээ хайрладаг Монголын ард түмэндээ гүн талархал илэрхийлье" хэмээв.
1981 оны гуравдугаар сарын 22-нд БНМАУ-ын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын иргэн, сансрын нисэгч В.А.Жанибековын хамтарсан баг Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт ниссэн билээ. Ж.Гүррагчаа нь Монгол Улсаас сансарт ниссэн анхных бөгөөд Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн түүхэнд бичигдсэн юм.
Ташрамд дурдахад, 2005 оноос хойш "Чингис хаан" одон гардуулж эхэлснээс хойш нийт 12 эрхэм хүртээд байна. Уг шагналыг Чингис хааны мэндэлсэн өдрөөр олгодог уламжлалтай ч цар тахлын нөхцөл байдлын улмаас олгохыг хойшлуулаад байсан юм.
"Чингис хаан" одонг дараах эрхмүүд хүртжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна