Д.Сарангэрэл БОАЖ-ын сайд байхдаа “Гацуурт” ХХК-ны ашигт малтмалын лицензийг цуцалжээ


"Гацуурт” ХХК БОАЖЯ болон АМГТГ-тай шүүхдэж байна. Учир нь тус газруудаас Баянхонгор аймгийн Галуут сумын гуравдугаар багийн "Их тойруу” нэртэй газарт байрлах "Гацуурт" ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-011917 дугаар тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргажээ. Тодруулбал эл шийдвэрийг 2020 оны 12-р сард гаргасан бөгөөд тухайн үед БОАЖ-ийн сайдаар Д.Сарангэрэл ажиллаж байв. БОАЖ-ын яаманд Баянхонгор аймгийн иргэдийн Нийтийн Хурлын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолоор сумын 3 дугаар багийн “Их тойруу” нэртэй газарт эзэмшиж буй дээрх тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай санал ирсэн бөгөөд орон нутгаас ирсэн уг саналд үндэслэж, "Гацуурт" ХХК-ийн ашиглалт, олборлолтын үйл ажиллагааг зогсоожээ.

ХОЁР ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР "ГАЦУУРТ” ХХК-ИЙН ТАЛД ГАРААД БАЙНА

Тиймээс "Гацуурт" ХХК-ийн зүгээс дээрх шийдвэрийг хууль бус хэмээн үзэж шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурал "Гацуурт” ХХК-ийн талд гараад байна. Өөрөөр хэлбэл БОАЖЯ зөвхөн орон нутгийн удирдлагуудаас ирүүлсэн саналыг үндэслэж тусгай зөвшөөрөл цуцалсан нь үндэслэл муутай, хуулийн шаардлага хангаагүй учир дутагдалтай гэж шүүхээс үзсэн байх юм.

Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргахдаа хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг зайлшгүй гүйцэтгэх ёстой байдаг аж.

Харин БОАЖЯ болон АМГТГ-аас дахин тодруулах шаардлагагүй гэж үзэж буй бөгөөд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Дээд шүүхэд хандаад байна. Эл хэргийг эцсийн буюу хяналтын шатны шүүх хурал өчигдөр товлогдсон байсан ч хойшиллоо.

"ГАЦУУРТ” ХХК УГ ЛИЦЕНЗИЙГ 2006 онд эзэмшжээ

"Гацуурт” ХХК-ийн хувьд дээрх тусгай зөвшөөрлийг 2006 оны 08-р сарын 18-ны өдрөөс эхлэн эзэмшиж байгаа бөгөөд уг тусгай зөвшөөрлийн талбайд өнөөдрийг хүртэл олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй байгаа хэмээн шүүхэд мэдүүлжээ.

Учир нь 2009 оны 07-р сарын 16 өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталж хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой тэдний эзэмшиж буй газар нь дээрх хуулийн үйлчлэх хүрээнд багтаж байсан аж.

Тиймээс "Гацуурт" ХХК-иас уг газрыг ашиглаж чадаагүй гэж үзэж, нөхөх олговор авахаар холбогдох материалаа 2012 онд Засгийн газарт хүргүүлээд байжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна