Их Британид зарим хязгаарлалтыг цуцална


Их Британид коронавирусын улмаас тогтоосон хязгаарлалтыг цуцлах хоёр дахь үе шат бүх нийтийн хорио цээрийн дэглэмээс аажмаар гарах Засгийн газрын хуваарийн дагуу даваа гарагт эхэлнэ.

Хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн цуцалснаар британичууд дөрөвдүгээр сарын 4-нд Улаан өндөгний баярыг хамаатан садныхаа хүрээнд тэмдэглэж чадна гэж эрх баригчид найдаж байна.

Даваа гаргаас эхлэн англичуудад гудамжинд зургаагаас илүүгүй эсвэл хоёроос илүүгүй өрхийн гишүүдтэй уулзахыг зөвшөөрнө. Ерөнхий сайд Борис Жонсоны хэлснээр, энэ нь удахгүй болох баярын өдрүүдэд хамаатан садантайгаа ойр ойрхон уулзах боломжийг олгоно. Түүнчлэн ил задгай талбайд хэсэг бүлгээрээ спортоор хичээллэх боломжтой болохоос гадна, теннис, гольф, хөл бөмбөг болон крикетийн талбай нээгдэнэ.

Засгийн газрын хуваарийн дагуу "Их Британийн иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зааварласан тогтоолын хүчинтэй хугацаа дуусаж байгаа боловч коронавирусын улмаас тогтоосон олон хязгаарлалт хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ". Тухайлбал, британичуудыг боломжтой бол гэрээсээ үргэлжлүүлэн ажиллахыг зөвлөж байна.

Коронавирусын халдварын шинэ давлагаатай холбогдуулан гурав орчим сарын өмнөөс хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээг цуцлах төлөвлөгөө гуравдугаар сарын 8-нд сургуулиудыг нээснээр эхэлсэн юм.

Хорио цээрийн дэглэмийг сулруулах дараагийн үе шатыг хэрэв халдварын тархалтын байдал дордохгүй бол дөрөвдүгээр сарын 12-нд эхлүүлэхээр төлөвлөжээ.

Их Британид халдварын тохиолдол тогтвортой буурсантай холбогдуулан эрх баригчид хорио цээрийн дэглэмийг сулруулж эхэлсэн юм. Энэ нь нэгдүгээр сарын 4-нөөс эхэлсэн хорио цээрийн дэглэм амжилттай хэрэгжсэнээс гадна, хүн амыг  вакцинжуулах кампанит ажил үр дүнтэй болсонтой холбоотой гэж эрх баригчид үзэж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-наас хойш Их Британид 30 гаруй сая хүн буюу хүн амын 45 орчим хувь нь вакцинд хамрагджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна