Цэргийн алба хаагч амь насаа алдсан асуудлаар ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны Удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг "Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ байлдагч Б-гийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан. Монгол улсын Зэвсэгт хүний жанжин штаб, Хуурай замын цэргийн штабаас яаралтай арга хэмжээ авч, байлдагч Б-г Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч гуравдугаар сарын 30-ны өдөр харамсалтайгаар амиа алдлаа.
Талийгаачийн аав, ээж, ах дүүст зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж байна.
Гарсан хэрэг зөрчилтэй холбоотойгоор шалгалт явуулж, болсон үйл явдал, хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Түүнчлэн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журам бэхжүүлэх салбар зөвлөлүүд яаралтай хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд:
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдын албан үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Хуурай замын цэргийн ангийн командлалын тодорхой алба хаагчдад болон хэрэг гарсан өдөр ажиллаж байсан ажилчдад шат дараалсан арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга зэвсэгт хүчний хэмжээнд гарч байгаа хэрэг зөрчил, түүнийг таслан зогсоохоор дараах үүрэг чиглэлийг хүргүүлээд байна.
Зэвсэгт хүчний хэмжээнд алба хааж байгаа бүх шатны ахлагч, офицерүүдийн мэргэжлийн бэлтгэлийн түвшин, албаны төлөвшлийг тогтоохоор ажиллаж байна. Үүнд үндэслэн дараа, дараагийн арга хэмжээг авч ажиллана.
Байлдагч Б-гийн ар гэрт таван жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болон оршуулгын зардлыг Зэвсэгт хүчний жанжин штабаас олгоно.
Тус хэрэгт холбоотой салааны захирагч Г-г цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна