Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өндөр ачаалалтай чиглэлүүдэд өглөө оройн цагт Төрийн өмчит үйлдвэрийн газрын мэдэлд байгаа автобусуудыг долдугаар сарын 11 хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд оруул. Жолооч нарын цалинг ТӨҮГ-ууд нь дагаад яаралтай эргэлтэд оруул. Өнөөдрийн дотор холбогдох албаныхан ярилцаж, ирэх нэг дэх өдөр гэхэд үйлчилж эхлүүлэх нь зөв. Гэхдээ компаниудынхаа орлогод дарамт учруулж болохгүй. Халдвар хамгааллын дэглэмүүдийг сайтар сахиулах хэрэгтэй. Сул зогсож байгаа автобуснуудаа эргэлтэд оруул. Засгийн газрын шийдвэрийг дагахгүй байгаа төрийн албан хаагч байж болохгүй. Шаардалагтай бол ажлаас нь чөлөөлөөд явах хэрэгтэй.
Нийтийн тээврийн үйлчилгээ нь хувийн автомашинаар зорчихоос илүү тухтай байх ёстой. Ихэнх автобусыг халуун орноос авчирдаг тул халаагч байдаггүй. Түүнийг нь Монголдоо хийдэг ч хоёр жил болоод эвдэрчихдэг. Хүмүүс өвлийн цагт автобусанд суухаас айдаг. Өвлийн цаг хүйтэн автобусанд суух ямар олигтой байх вэ. Дараагийн удаад парк шинэчлэл хийхдээ үүнд анхаарах хэрэгтэй. Мөн автобусуудад халуун хэмжигч байршуулах нь зүйтэй.
Түгжрэлийг зөвхөн Улаанбаатар хотод даатгаж орхиж болохгүй. Бүгд хамтарч байгаад зохицуулалт хийе. Бүх талаар нь судалж, төлөвлөж хийсэн шиг хийе. Нийтийн тээврийн автобусууд нь жуулчдын суудаг автобус шиг байх хэрэгтэй. Жолооч нь дүрэмт хувцастай, ороход гоё үнэртэй, суухад тухтай байх учиртай юм. Түүнчлэн автобусны буудлуудыг стандарт тогтоон тохижуулах нь зөв. Хүн олноор цугладаг тул автобусны буудалд зах зээл үүсэх боломжтой" гэлээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус салбарын шинэчлэлтэй холбоотой санал дэвшүүлж, зарим үүрэг даалгавар өглөө.
Тэрбээр “Иргэд нийтийн тээврээр зорчих төдийлөн дуртай биш байгаа нь судалгаагаар харагдаж байна. Үүнээс болж хувийн машины хэрэглээ ихсэж байгаа нь түгжрэл болон агаарын бохирдолд нэлээдгүй нөлөөлж байна. Энэ асуудлыг шийдэх бидний тактик өөр байх ёстой. Хүн нийтийн тээврээр зорчиход ая тухтай байх ёстой бөгөөд цаг хэмнэгддэг байх хэрэгтэй. Мөн автобусны тоог нэмж автобус хүлээх цагийг багасгах шаардлагатай. Ингэж байж энэ олон машины хэрэглээ багасна.
Сангийн яам нийт төрийн албан хаагчдын хэд нь машинаар явж байна вэ гэдгийг нарийвчилсан тооцоо гаргамаар байна. Приусээр ирж байна уу, дарга нар нь Ланд 200-гаар ирж байна уу гэдгийг машины маркаар нь гаргамаар байна. Унаж ирсэн машинаа яг хаана тавьж байна вэ. Жишээ нь, Төрийн оронд ажилладаг албан хаагчид, хотын төвд байрладаг Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газрынхан хаана машинаа тавьж байна. Улаанбаатар хотын төвд байгаа тэр олон өндөр байшинд байгаа хүмүүс машинаа хаана тавьж байна вэ.
Бид хувийн хэвшлийнхэн дээр шууд зохицуулалт хийх төвөгтэй байж болно. Зохицуулалт хийж болох зүйл бол төрийн байгууллага. Ихэнх төрийн байгууллага хотын төвийн нэгдүгээр бүсэд байгаа. Тэнд ажилладаг хүмүүс том, том машин унаж ирээд хотын төвд тавьчихдаг. Төрийн хэдэн албан хаагч хэдэн машин унаж байна вэ гэдэг сонин асуудал шүү.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчдын таталт хийдэг системийг нэвтрүүлэх оролдлого хийж болно. Хувийн машинаар ирэхгүй гэдэг тогтоол гаргаж болно. Гэхдээ мэдээж үүнийг хүчээр хийж болохгүй. Зарим нь гэр хорооллоос, холоос ирж байгаа.
Машинаа зогсоолд байрлуулах гээд хугацаа, зардал гаргаж байхаар автобус ирээд авчихдаг болбол төрийн албан хаагчдад илүү хялбар байхыг үгүйсгэхгүй. Ингэснээр хамт олны сайхан уур амьсгал бүрдэж ч болох юм. Иймэрхүү шийдлүүдийг цогцоор нь хараад бага багаар шийдээд явчихдаг баймаар байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна