Олон зуун метр үргэлжлэх ханан дээр зурсан улаан өнгийн зүрх болгон амь насаа алдсан нэгнийг илтгэх аж. Энэхүү дурсгалын хана нь Вестминстерийн ордны эсрэг талд байрлах бөгөөд одоогийн байдлаар ковидын улмаас амиа алдагсдын гэр бүлийнхэн 150 мянга орчим улаан зүрхийг зураад байна.
“Бидний сэтгэл дэх хайр харамсал урсаж буй хэрэг. Зүрх бүрийг гараар зурсан учраас бидний хайртай хүмүүс шиг цор ганц, онцгой хэлбэртэй. Бидний мэдэрсэн хагацал харууслын дайтай энэхүү дурсгалын хана нь их өргөн цар хүрээг хамрах болно.” –Ковидын улмаас хүүгээ алдсан эцэг Иан, 56 настай.
Тэрбээр асар их хохирол амссан эдгээр гэр бүлүүдийг цуглуулан холбоо байгуулж энэ санаачлагыг эхлүүлсэн бөгөөд дурсгалын ханан дээрх анхны зүрхийг ч бас зуржээ. Тус ханан дээрх хайр, хагацлын урсгал үргэлжилсээр хагас километрээс ч илүү гарах төлөвтэй байна.
“Хүн болгон энэ ханыг үзэхээр ирнэ гэж бодохгүй байна. Гэсэн ч энэхүү дурсгалын хана нь улс даяарх эмгэнэлт явдлыг дурсан санах гол цэг болно гэдэгт итгэж байна. Хотын төв цэгт байрлуулсан нь энэ бүх үйл явдлын зүрхэн хэсэгт зовж шаналсан энгийн иргэд байгаа гэдгийг засгийн газарт сануулах зорилготой юм” гэжээ.
Тус ажиллагааг эхлүүлэхээс өмнө холбогдох албан тушаалтнуудаас зөвшөөрөл авсан бөгөөд тодорхой хугацааны дараа ханыг эргэн засварлах ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна