Сүүлийн үед парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрыг сүйтгэж байгаа тухай мэдээлэл цахим орчинд түгэж, “Орон сууцны барилга барих гэж байна” гэх хардлага үүссэн. Өнгөрсөн хугацаанд паркийн газраас хэсэг хэсэгээр нь зарсан учраас ингэж ингэж хардахаас ч аргагүй юм.
Паркийг эзэмшигч “Үндэсний соёл, амралтын хүрээлэн” ХХК-ийн 74 хувийг “Бодь интернэйшнл”, үлдсэн 26 хувийг нь Улаанбаатар хотын захиргаа эзэмшдэг юм. 2005 оны долдугаар сарын 5-нд нийслэлийн Засаг даргын 263 тоот тогтоолоор 358714 метр.квадрат газрыг 15 жилийн хугацаатай “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-д эзэмшүүлсэн түүхтэй. . Тодруулбал, газраас нь өөр аж ахуйн нэгжүүдэд хэсэгчлэн олгосон нь хөрөнгө оруулалт зогсох хамгийн том шалтгаан болжээ. Үүнтэй холбогдуулан паркийн газраас хэн, хэзээ, хэнд зарж байсныг танилцуулъя.
- Нийслэлийн Засаг дарга асан Ж.Наранцацралтын гарын үсэг бүхий захирамжаар яг одоо Шангри-Ла баригдсан зүүн хойд булангийн хэсэгт 0.49 га талбайг 1998 онд “Монтоно” ХХК-д олгожээ. Шалтгаан нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад төрөөс хүндэтгэл илэрхийлээд дуртай газар дээрээ хаус бариулж авах эрх олгосонтой холбоотой юм байна. П.Очирбат Ерөнхийлөгч газраа судлаад Хуримын ордны хажуу талын газрыг заажээ. Гэтэл тэр газар нь “Монтоно” компанийн эзэмшлийнх байж. Хотын захиргаа тэр даруйд “Монтоно” компанийн захирлыг дуудаад учир байдлыг хэлээд, газраа шилжүүлэхийг хүсэхэд захирал нь “Би Монгол Улсын анхны Ерөнхийлөгчтэйгөө газар булаацалдахгүй. Харин надад ойр орчимд нь адилхан хэмжээтэй газар өгөөд хохирлыг минь барагдуулчхаарай” гэж. Тиймээс Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд буланд газар заагаад өгчихсөн юм байна. Улмаар 2007 онд нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярын захирамжаар “Монтоно” ХХК-ийн эзэмшиж байсан талбайг томруулаад 33749 метр.квадрат буюу 3.3 га газрыг “М-Си-Эс” ХХК-д шилжүүлжээ.
- 1998 онд паркийн ерөнхий захирлаар ажиллаж байсан хүн “Мон Уран” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад өөрөө мэдээд паркийн баруун талын 0.4 га газар өгчээ. Дараагийн захирал нь 2001 онд гэрээнд өөрчлөлт оруулах замаар талбайн хэмжээг нь 1.1 га болгож нэмэгдүүлсэн байна.
- “Сөүл” рестораны тухайд 2003 онд НИТХ-ын тогтоолоор 3200 метр.квадрат газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж эхэлсэн байдаг. Үүн дээр нь нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр 2010 онд 2217 метр.квадратаар эзэмшлийн гэрчилгээ гаргаж өгчээ.
- Хамгийн сүүлд Су.Батболд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа “Танай авто зогсоолын газарт Хятадын Засгийн газрын тусламжтайгаар гүүр барихаар боллоо. Газраа чөлөөлж өг” гэжээ. Энэ мэтээр паркийн газар жижгээрсээр өнөөг хүрчээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна