“Би байлдагч” буландаа Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Билгүүнбаярыг урилаа.
Эрхэм байлдагч та өөрийгөө тодорхойлооч гэвэл?
-Эх орны хүү. Тангараг өргөсөн цэрэг эр.
Эзэмшсэн мэргэжил?
-“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийг программ хангамжийн мэргэжлээр суралцаж төгссөн. Төгсөөд “World Plus” компанид мэргэжлээрээ ажиллаж байгаад хугацаат цэргийн албаа хаахаар ирсэн нь энэ юм.
Таны баримталдаг зарчим?
-Би бусдын итгэлийг алдахгүйг их хичээдэг. Надад итгэдэг хүнийхээ итгэлийг алдахаар үнэхээр муухай санагддаг. Одоо дахиж надад итгэхгүй байх гээд л. Бусдын илтгэлийг алдвал өөрөө ч их шаналдаг даа.
Таны дургүй чанар?
-Хэн нэгнийг ойлгоё гэж хичээдэггүй, бусдыг хүндэлдэггүй хүнд дургүй.
Тэгвэл хүндэлдэг хүн?
-Өвөө, эмээ хоёр минь. Бас цэргийн дарга нараа хүндэлдэг. Зэмлэх, хайрлах хоёрыг энэ тэнцүү авч явдаг хүмүүсийг хүндэлдэг.
Он жавууддаа өөрийнхөө ямар чанарыг илүү таниулахыг хичээдэг вэ?
-Итгэл даах чадвараа харуулахыг их хичээдэг. Сэтгэлээ уудлах сайн найз нь байх юм сан гэж боддог юм. Хүнд итгэнэ гэдэг хамгийн сайхан чанар. Итгэлийг даана гэдэг ч бас сайхан.
Эх орон гэж таны бодлоор?
-Эх орон гэж бидний амьсгалах агаар, амьдран суугаа газар. Саяхан цэргийн дарга нар энхийг сахиулах ажиллагааны талаар танилцуулга хийсэн юм. Тэр танилцуулгад Өмнөд Судан улсын хүүхэд багачууд цэвэр усны төлөө хэрхэн тэмцдэг, эрх чөлөөт амьдралыг хэрхэн хүсдэг талаар сонсоод эх орноороо бахархаж, монгол хүн бол төрсөндөө их баярласан шүү.
Хайртай хүмүүстээ юу гэж хэлэх вэ?
-Өвөө, эмээ, ээж, эгчдээ хүү нь албаа нэр төртэй хааж байгаа. Эх орны төлөөх сайхан дурсамж бүтээж явна аа, хүү нь.
Дэслэгч Ч.Бодьгэрэл (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)
Эх сурвалж: sonin.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна