Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос 2021 оны 4 дүгээр сарын 7-ны байдлаар 3х3 сагсан бөмбөгийн чансааг шинэчлэн гаргасан байна.
Үндэсний холбоо, эрэгтэй болон эмэгтэй шигшээ баг, U-23 буюу 23 нас хүртэлх эрэгтэй, эмэгтэй, U-18 эрэгтэй, эмэгтэй гэсэн 7 ангилалд чансааг зарлажээ.
Монголын U-23 эмэгтэй баг дэлхийн чансааг тэргүүлж, U-23 эрэгтэй баг 3 дугаарт, эмэгтэй шигшээ баг 8 дугаарт, эрэгтэй шигшээ баг 9 дүгээрт, харин U-18 ангилалд эмэгтэй баг 9 дүгээрт, эрэгтэй баг 54 дүгээрт эрэмбэлэгджээ. Мөн эдгээр ангиллын нийлбэр буюу Холбооны /Улс/ ангилалд Монгол 7 дугаарт бичигдсэн талаар спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин мэдээлж байна.
Ташрамд дуулгахад, 3х3 сагсан бөмбөгийн төрөл “Токио-2020” олимпын наадмын хөтөлбөрт анх удаа багтсан бөгөөд Монголын эмэгтэй баг олимпод оролцох эрхээ өвөртөлсөн бол эрэгтэй баг тавдугаар сарын 26-30-нд Австрийн Грац хотноо болох олимпын эрх олгох /20 баг/ тэмцээнд оролцож, медальт байрт шалгарвал Токиог зорих эрхтэй болох юм.
Харин энэ тэмцээнээс эрхээ аваагүй тохиолдолд 6 дугаар сард Унгарын Будапешт хотноо болох шилдэг зургаан багийн тэмцээнд /Манай эрэгтэй баг шилдэг зургаад оролцохоор шалгарсан/ түрүүлж байж олимпын эрх өвөртлөх болзолтой аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна