Япон улсад өндөр настнуудыг вакцинжуулж эхэллээ


Япон улсад коронавирусын эсрэг вакцинжуулалтад өнөөдрөөс 65 болон түүнээс дээш насны иргэдийг хамруулж эхэлжээ.

АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанид гарган авсан вакцинаар иргэдээ дархлаажуулж буй Японд хоёрдугаар сараас эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулж эхэлсэн юм. 

Засгийн газар өндөр настай 36 сая орчим иргэнийг бүрэн вакцинжуулахад хүрэлцэх тун вакциныг ирэх зургаадугаар сарын эцэс гэхэд орон даяар түгээхийг зорьж байгаа ажээ. Өндөр настнуудыг залуучуудтай харьцуулахад коронавирусээр халдварласан тохиолдолд хүндээр илрэх магадлал өндөр байгаа юм. 

Японд коронавирусын халдварын улмаас хоёр дахь удаагаа тогтоосон онцгой байдлыг өнгөрсөн сард бүрэн цуцалснаас хойш Токио, Осака, Киото зэрэг мужид халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болоод буй энэ үед вакцинжуулалтын хоёрдугаар үе шат эхэлж байна. 

Засгийн газар халдварын тархалтыг хяналтад авахын тулд арга хэмжээнүүдийг чангатгах шаардлагатай мужуудыг тодорхойлсон боловч энэ зун болох Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтад саад учруулахгүйн тулд гурав дахь удаагаа онцгой байдал тогтоохоос татгалзаад байгаа ажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна