Хуулийн текстэд юу гэж бичсэн байна вэ гэдгийг уншихыг бараг бүгд чадна. Харин тэрийг юу гэж ойлгож, тайлбарлах вэ гэдэгт логик гаргалгаа, тайлбар хийхийн тулд хууль, эрх зүйн онолын мэдлэг туршлага зайлшгүй хэрэгтэй.
Би энд хуулийн хориглох ба зөвшөөрөх заалтууд нь ямар агуулгатай байдаг, ямар үр дагаварт хүргэдэг талаар онолын үндэслэлтэйгээр, бодит жишээн дээр тайлбарлах оролдлого хийе. Миний авч байгаа жишээ бол Б.Пүрэвдорж ба Т.Аюурсайхан нарын жишээ болно.
Олон хүн Б.Пүрэвдорж гишүүнийг хууль зөрчсөн гэж ойлгож, харин Т.Аюурсайхан гишүүн хуулийн дагуу арга хэмжээ авсан гэж ойлгож, мөн тэгж итгэжээ. Хэрвээ та тэдний нэг мөн бол “Уучлаарай, та буруу ойлгосон байна”.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хууль зөрчөөгүй, харин тодорхой хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан үйлдэл хийсэн юм. Харин УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нь хуулиас гадуур шийдвэр гаргаснаараа хууль зөрчсөн байна.
Энд миний бичих тайлбар нь Адомэйт, Хэньшэйн нарын “Эрх зүйн онол” ном/бүтээл – ээр тайлбарласан тайлбар, гаргалгаанд үндэслэлтэй. Тус номын 35 дахь талд эрх зүйн хэм хэмжээ (буюу хуулийн заалт) нь ямар нөхцөлд, юуг хориглох, юуг зөвшөөрдөг болох, мөн тэдгээр нь хоорондоо ямар хамааралтай байдаг талаар тайлбарлажээ.
Тэнд бичсэнээр,
“хориг өөртөө чөлөөлөлтийг агуулдаг” байна.
Энэ тодорхойлолтыг энгийн үгээр тайлбарлавал:
Хуульд тодорхой нэг үйлдэл, үйл ажиллагааг хориглохдоо тодорхой нөхцөл, үндэслэлүүдийг тодорхойлж өгөөд, мөн түүний үр дагаврыг заасан байдаг. Нэг ёсондоо хориглох байдлаар хүрээ, хязгаарыг зааж өгөөд тухайн хүрээ, хязгаарт заасан нөхцөлөөр тодорхой үйлдэл хийхийг “чөлөөлж” өгч байна гэсэн үг.
Жишээ нь,
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18.4-т “Гишүүн бусдад саад учруулсан, асуулт асуух, үг хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, гүтгэсэн шинжтэй үг хэлсэн бол хуралдаан даргалагч түүнд урьдчилан сануулахгүйгээр тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хасна” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Б.Пүрэвдорж гишүүн хууль зөрчөөгүй, харин хуулинд тодорхой хариуцлага хүлээлгэх үр дагавартай тодорхой үйлдэл хийсэн байна. 18.4-т ийнхүү хуульчилсан байгаа нь тийм хүрээнд, тийм хэлбэрээр хийж болох үйлдлийг зааж өгсөн байгаа юм. Харин энэ үйлдлийг хийлээ гэхэд хариуцлага хүлээнэ шүү гэж хуульчилжээ. Тэр хариуцлага нь тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхээ хасуулах юм байна.
Тэгэхээр Б.Пүрэвдорж гишүүн хуульд хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан буюу тийм нөхцөл, хүрээнд хуулиар зөвшөөрсөн үйлдэл хийсэн байна.
Харин УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы үйлдлийг мөн энэ байдлаар тайлбарлая.
Мөн л дээр дурдсан номын 35 дахь тал дээр “хориг, зөвшөөрөл 2 нэг, нэгнээ үгүйсгэдэг” гэж тодорхойлж, тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх дүгнэлтээс логик гаргалгаа хийх байдлаар энэ тодорхойлолтыг тайлбарлавал “зөвшөөрөл өөртөө чөлөөлөлтийг агуулдаггүй” болж таарна. Арай энгийнээр тайлбарлавал, зөвшөөрөл өгч байна гэдэг нь зөвхөн тухайн зөвшөөрсөн хэмжээнд л хийх хязгаарыг тогтоож өгч байгаа юм. Түүнээс биш, юуг ч хамаагүй, яаж ч хамаагүй хийхийг чөлөөтэй зөвшөөрсөн тийм зөвшөөрөл байдаггүй биз дээ? Тэгвэл тэр дур зорго болох бус уу?
Энэ үүднээс тайлбарлавал УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нь 2020 оны 08 сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдааныг даргалж байх үедээ гаргасан “Б.Пүрэвдорж гишүүний чуулганы хуралдаанд суух эрхийг долоо хоногоор хасах” тухай шийдвэр нь түүнд хуулиар олгогдсон зөвшөөрлөөс гадуур шийдсэн хууль бус шийдвэр байна.
Дээр бичсэн 18.4 дэх заалтыг энд задалж тайлбарлавал, хурал даргалагчид “урьдчилан сануулахгүйгээр тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хасах” – ыг зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ зөвшөөрөл нь энэ асуудлаар гаргах түүний шийдвэрийг хүрээлэл болон нөхцөлийг хязгаарыг тогтоож, түүнээс илүү хүрээнд шийдвэр гаргахыг хориглож байна гэсэн үг. Энэ утгаараа эрх зүйн хэм хэмжээний буюу хуулийн заалт дахь зөвшөөрөл нь өөрөө тодорхой үйлдэл, шийдвэрийг зөвшөөрсөн хүрээнд, зөвшөөрсөн нөхцөлд л хийх хязгаарлалтын шинжийг агуулж байдаг байна.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы хурал даргалахтай холбоотой түүнд тогтоож өгсөн хязгаарлалт нь 18.4-т зааснаар тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг нь хасах байжээ.
УИХ-н гишүүн тус хуульд заасан дэгийг зөрчсөнтэй холбоотой авч болох хамгийн “хүнд” хариуцлагын арга хэмжээ нь тус хуулийн 18.8-т хуульчлагдсан байх бөгөөд тэнд зааснаар “Улсын Их Хурлын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжлох, эмх замбараагүй байдал үүсгэхээр бусдыг турхирах, өдөөн хатгах зэргээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хуралдаан даргалагч уг гишүүний тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасаж, түүнийг хуралдааны танхимаас гаргана” гэжээ.
Энэ заалтыг мөн дээр дурдсан эх сурвалжийн хүрээнд тайлбарлавал УИХ-н дэд дарга Т.Аюурсайханаас УИХ-ын гишүүдэд хандан хариуцлага хүлэлэгэх шийдвэр гаргах зөвшөөрөгдсөн дээд хэмжээ нь тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах байна. Харин тэрээр 7 хоногоор УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох шийдвэр гаргасан нь хуулиар зөвшөөрөөгүй шийдвэр байна. Энгийнээр тайлбарлавал, хуулиар олгогдоогүй, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур гаргасан шийдвэр гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Энэ үүднээс хууль зөрчсөн хүн нь Б.Пүрэвдорж биш харин Т.Аюурсайхан байна гэж харагдаж байна. Хуулиар зохицуулж, тодорхой хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан үйлдэл хийснийх нь төлөө хуульд заагаагүй буюу үл зөвшөөрсөн хариуцлагыг хуульд заасан үндэслэл журмаас гадуур хүлээлгэх нь цаашид бидний хэнд нь ч, ямар ч хариуцлага хүлээлгэж болохуйц буруу жишиг тогтоох аюултай юм. Иймд та хэний байр суурийг дэмжих, зөвтгөхөө шийдэхээсээ өмнө нухацтай бодож, үнэлэлт, дүгнэлт хийхийг хүсье.
Эх сурвалж:gogo.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна