Израил улс коронавирусын хоёр дахь вакцинжуулалтаа энэ оны эцсээр эхлүүлнэ


Израил улс коронавирусын хоёр дахь вакцинжуулалтыг 2021 оны эцсээр эхлүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мягмар гарагт телевизээр мэдэгдэл хийх үеэрээ хэллээ.

“Бид вакцинжуулалтын дараагийн аянг зургаан сарын дотор эхлүүлэх бөгөөд тухайн үед хүүхдүүдийг вакцинжуулах боломжтой болно гэж үзэж байна” хэмээн тэрбээр мэдэгджээ. Мөн “Pfizer”, “Moderna” компанитай 16 сая вакцин худалдан авах тохиролцоонд хүрснээ мэдээлсэн байна. 

Коронавирусын шинэ хувилбарууд тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд дараагийн аянг эхлүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэжээ. Тэрбээр “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла, “Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансельтэй хэлэлцээ хийснээсээ хойш нэг хоногийн дараа ийнхүү мэдэгджээ.

Израил нийт хүн амаа вакцинжуулах хөтөлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 20-ноос эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар тус улсын 9.3 сая хүн амын тэн хагасаас илүү хувь нь “Pfizer”-ийн вакцины хоёр тунг хоёуланг нь тариулсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна