Ардчилсан намын удирдлагууд хоёр талцаж, намын даргын сунгааг тусдаа хийн өөр өөрсдийнхөөрөө даргаа сонгосон. Дээд шүүх дээр тэдний маргааш эцэс болох юм. Өмнө нь Дээд шүүхэд энэ талаар хандсан бөгөөд хоорондоо учраа олж, асуудлаа шийдээд ир гэх хариуг өгсөн билээ.
Тэгвэл Ерөнхийлөгч Улсын Дээд шүүхэд Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэж мэдэгдсэн юм. Ингэх болсон үндэслэлээ Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т зааснаар “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” гэх заалтаар тайлбарласан юм.
Тиймээс Монголын улс төрийн хоёр томоохон хүчний асуудлыг шүүх эцэслэх нь тодорхой болоод байна.
Энэ оны гуравдугаар сарын 1-нээс Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан дөрөвдүгээр сарын 12-ны өдөр болж “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ыг баталжээ. Энэхүү журмаар улс төрийн намыг үүсгэн байгуулсан болон өөрчлөн байгуулах, үйл ажиллагаа зогсоосны болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах, лавлагаа олгох зэрэгтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Гэхдээ Ерөнхийлөгчийн үндэс болгоод буй Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т заасан асуудлыг шийдвэрлэхэд энэ журам хамаарахгүйг зориуд цохон тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Ардчилсан намд үүсэн нөхцөл байдлыг энэхүү журмаар шийдвэрлэх бөгөөд харин МАН-ыг татан буулгах асуудалд хамааралгүй юм.
Шүүхийн тухай хууль 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх, 26.1-т Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ хуулийн 25.7.3, 25.7.4, 25.8-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана, 26.5-д Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан дэгээ өөрөө тогтооно гэж заасан юм.
Журмын бүрэн эхийг энд дарж харна уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна