Та бүхэнд цахим орчинд #SaveRalph гэсэн хаштагийг дор хаяж нэг удаа харсан байх. Харин харж амжаагүй яваа хүмүүст зориулан тайлбарлахад энэ нь гоо сайхан, гэр ахуй, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг амьтад дээр туршилт хийхийг эсэргүүцсэн нийгмийн уриалга юм.
Энэхүү нийтлэлээрээ амьтад дээр хийгддэг туршилтыг зогсооход бидний оруулах хувь нэмэр, хариуцлагын тухай танилцуулах болно. Бид хүний эрхийн тухай дуу нэгтэйгээр санал нэгддэг ч амьтдын эрхийг чухалчлан үзээд байдаггүй шүү дээ. Тэгвэл яг энэ цаг үед амьтдыг хүн төрөлхтний аюулгүй байдлын золиос болохыг дэлхий нийтээрээ эсэргүүцэж байна. Харин та үүнд нэгдэх үү?
“SAVE RALPH” (2021) КИНОНЫ ТУХАЙ
Энэ сарын 6-ны өдөр олон нийтийн хүртээл болсон энэхүү богино хэмжээний кино нь дөрвөн минут үргэлжилдэг. Зохиолч, найруулагчаар нь Spenser Susser ажилласан бөгөөд тус бүтээлд гоо сайхны бүтээгдэхүүний туршилтад орж буй Ralph нэртэй туулайн энгийн нэг өдрийн тухай өгүүлнэ.
ЯМАР АМЬТАД “ТУРШИЛТЫН ТУУЛАЙ” БОЛДОГ ВЭ?
Хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд дэлхий даяар олон төрөл, зүйлийн амьтдыг туршилтад оруулсаар байна. Тэдгээрээс түгээмэл нь хулгана, загас, харх, усан гахай, муур, нохой, сармагчин, туулай зэрэг амьтад байгаа юм. Судалгаагаар жилд дунджаар 115 сая орчим амьтдыг туршилтад ашигладаг аж.
ТЭГВЭЛ БИД ЭДГЭЭР АМЬТДАД ЯАЖ ТУСЛАХ ВЭ?
Та амьтад дээр туршилт хийдэг үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхад л болно. Энэ бол амьтдын эрхийг зөрчиж буй этгээдийг эсэргүүцэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Доорх зурагт амьтад дээр туршилт хийдэг гоо сайхны компаниудыг харуулжээ.
“CRUELTY-FREE” БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
Үргэлжлүүлэн Cruelty-free буюу амьтад дээр туршилт хийдэггүй бүтээгдэхүүнийг таних гурван аргыг танилцуулъя.
1. Туулайны логог хайгаарай!
Тухайн бүтээгдэхүүний боодол савлагаан дээрх албан ёсны гурван лого байгаа эсэхийг ажиглаарай. Хуурамч тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн ч байж болох учраас сайтар судалгаа хийхийг зөвлөж байна.
Амьтдад туршилт хийдэггүй гэснийг илтгэх зарим тэмдэглэгээ, логоны тайлбарыг ЭНД дарж уншаарай.
2. Брэндүүдийн жагсаалтыг хайж үзээрэй!
Хэрэв та онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх гэж байгаа буюу тухайн бараа, бүтээгдэхүүний мэдээллийг харах боломжгүй байгаа бол интернетээс тус брэндийн тухай хайж үзэхэд л болно. Ингэхдээ та дараах түлхүүр үгсийг ашиглаад гарч ирсэн вэбсайтад тухайн брэндийн нэрийг оруулаарай.
Leaping bunny
Cruelty-free international
Choose cruelty free
PETA’s beauty without bunnies
3. Апликэйшн
Худалдан авах гэж буй бүтээгдэхүүнийхээ бар кодыг нь уншуулаад амьтад дээр туршилт хийдэг эсэхийг нь мэдэх боломжтой. /Апликэйшний нэрэн дээр дарахад татаж авах хуудас руу үсрэх болно./
АМЬТАД ДЭЭР ТУРШИЛТ ХИЙДЭГГҮЙ БРЭНДҮҮД
Та “Амьтад дээр туршилт хийгээгүй юм чинь эрүүл мэндэд хор хөнөөлгүй гэдгийг нь яаж мэдэх вэ?” хэмээн бодож байж магадгүй. Тэгвэл дэлхий дээр гоо сайханд ямар ч аюулгүй гэдэг нь батлагдсан 7,000 гаруй орц, найрлага байдаг. Харин үйлдвэрлэгч компаниуд тэдгээрээс сонгох бүрэн боломжтой бөгөөд энэ нь нэмэлт шинэ орц туршиж үзэх шаардлагагүй гэдгийг харуулж байгаа юм. Мөн хэрэглэгч бид өөрсдөө амьтдад ээлтэй доорх брэндүүдийн бүтээгдэхүүнээс худалдан авч, хүнлэг сонголт хийх хэрэгтэй.
АМЬТДЫН ТУРШИЛТЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРНУУД
Дэлхийн зарим хөгжингүй улс орнууд аль хэдийн амьтдын эрхийг хүндэлж буй байр сууриа илэрхийлжээ. Жишээлбэл, Европын Холбооны орнууд, Өмнөд Солонгос, Израил, Энэтхэг, Норвеги, Швейцарь, Шинэ Зеланд гэх мэт орнууд амьтдын туршилтыг эсэргүүцдэг байна. Энэ эгнээнд Монгол Улс яагаад нэгдэж болохгүй гэж?
Эх сурвалж: Humane Society International, Cruelty-Free Kitty
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна