Буу алдаж хүний аминд хүрсэн хулгайн анчинд 3 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ


Буу алдаж нэгнийхээ аминд хүрсэн хулгайн анчинд 5,5 саяас 7 сая хүртэл төгрөгөөр торгох, 3 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Тодруулбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн нутаг дэвсгэрт иргэн Д нарын 6 иргэн бүлэглэн ховор амьтны жагсаалтад орсон 2 тооны хар сүүлт зээрийг зөвшөөрөлгүйгээр агнажээ.

Мөн үедээ буу алдан тээврийн хэрэгсэлд хамт сууж явсан иргэн Г-ын хүзүүн тус газар онож амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг гарсан байна.

Дээрх хэрэгт тус аймгийн прокурорын газраас

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/,
  • 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хэргийг энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 5,5 саяас 7 сая хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Харин бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон нэг иргэнийг хорих ял оногдуулахгүйгээр 3 жилээр тэнсэж шийтгэсэн байна.

Түүнчлэн байгаль орчинд учруулсан хохирол болох 6.400.000 төгрөгийг нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, ангийн бууг улсын орлого болгожээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна