АНУ-ын “Moderna” компани коронавирусын вакцинаа тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөрт 2022 оны эцэс гэхэд 500 сая тун нийлүүлнэ гэдгээ даваа гарагт мэдэгджээ.
Гэрээний дагуу “Moderna” компани энэ оны сүүлээр “COVAX” хөтөлбөрт 34 сая тун вакцин нийлүүлэх ажээ. Энэхүү хөтөлбөрийг ДЭМБ, Эпидемийн бэлэн байдлын инновацийн эвсэл, “Гави” холбоо бага, дунд орлоготой орнуудад вакцин хуваарилах зорилгоор санаачилсан юм.
“Дэлхийн олон оронд коронавирусын вакцины нөөц хязгаарлагдмал байгааг бид мэдэж байгаа бөгөөд вакциныг тэгш хүртээх “COVAX”-ийн зорилгыг дэмжиж байна” гэж “Moderna” компани мэдэгджээ. Тус компанийн хувьд вакцинаа хамгийн бага үнээр санал болгох бөгөөд “Гави” үлдсэн 446 сая тунг ирэх онд худалдан авах боломжтой байна.
ДЭМБ “Moderna”-гийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийг өнгөрсөн баасан гарагт олгож, “COVAX” хөтөлбөрт хэрэглэх нөхцөл бүрдсэний дараа энэхүү гэрээг байгуулжээ.
Мөн Швед “COVAX” хөтөлбөрт “AstraZeneca”-гийн нэг сая тун вакцин хандивлана гэдгээ даваа гарагт мэдэгдсэнээр ийм мэдэгдлийг хийсэн ЕХ-ны холбооны хоёр дахь гишүүн болжээ. Тодруулбал, өмнө нь Франц улс вакцин хандивлахаа мэдэгдээд байсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна