Канад 12-15 насны хүүхдүүдэд коронавирусын “Pfizer” вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ.
Тийнхүү “Pfizer”-г тухайн насны ангилалд хэрэглэхийг зөвшөөрсөн анхны улс болжээ. Канадын Эрүүл мэндийн сайд хүүхдүүд дээр хийгдсэн эмнэлзүйн гурван үе шатны туршилтын мэдээлэлд үндэслэн шийдвэрийг гаргасан байна.
“Вакцин 12-15 насныханд аюулгүй, үр дүнтэй гэдгийг бид олж тогтоосон” хэмээн Эрүүл мэндийн сайдын зөвлөх мэдэгджээ.
Өмнө нь Канадад “Pfizer-BioNTech” компанийн вакциныг 16-аас дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрснөөс гадна “AstraZeneca”, “Moderna”, “Johnson & Johnson” компанийн вакцинууд зөвшөөрөгдсөн юм.
Халдварт өвчинд хамгийн их нэрвэгдсэн Альберта мужид ирэх даваа гаргаас эхлэн 12-аас дээш насныханд вакцин хийж эхлэх аж.
Канадад халдварын 1.2 сая гаруй тохиолдол бүртгэгдээд байгаагаас 20 орчим хувь нь 19-өөс доош насныхан юм.
Хүргэлт саатсантай холбоотойгоор тус улсад вакцинжуулалт харьцангуй удаан явагджээ. Хүн амынх нь 34 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол АНУ-д энэ үзүүлэлт 44 хувьтай байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна