Эрдэнэт үйлдвэр ахмадуудаа энэ сарын 10-наас эхлэн дархлаажуулалтад хамруулна


Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд  вакцинжуулалт үргэлжилж, өнөөдрийн байдлаар  нийт ажилтны 95 хувь эхний тун, 80 орчим хувь нь хоёр дахь тунгаа хийлгээд байна гэж Шуурхай штабын дарга Д.Мөнхболд мэдээллээ. Өөрөөр хэлбэл, нийт 7162 ажилтан нэгдүгээр тун, 6125 ажилтан хоёрдугаар тунд хамрагджээ. Тус үйлдвэр дархлаажуулалтыг ажилтан, гэрээт ажилтан, ар гэр гэсэн гурван ангиллаар зохион байгуулж байна. Саяхан вакцины татан авалт хийгдэж, нөөц хангалттай болжээ. Тиймээс энэ сарын 10-наас үйлдвэрийн харьяат ахмадуудаа хамруулж эхлэх юм. Ингэхдээ 2-3 хоногийн өмнө  ахмадуудаа эмчийн үзлэгт оруулж, даралт ихсэх, харшлын шинжтэй тэмдэгтэй эсэх зэргийг үзэж, хүндрэл үүсэхээс сэргийлэх арга хэмжээ урьдчилан авахаар вакцинжуулалтад бэлтгэж байна. 

     Түүнчлэн вакцин хийлгэхээр ирж буй хүмүүсийг аль болох бүгдийг  түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулж байгаагаа  Шуурхай штаб онцлов. Мөн ойрын болон дам хавьтлын шинж тэмдэгтэй болон сайн дураараа шинжилгээ өгөхийг хүссэн хүмүүсийг ч байнга хамруулж байгаа аж. Учир нь Орхон аймагт PCR шинжилгээний аппарат суурилуулсантай холбоотойгоор Эрдэнэт сувиллын цогцолборт өдөрт 150-200 хүнийг дараалал хүлээгдэлгүйгээр хамруулах  боломж бүрджээ. Шинжилгээний хариуг гар утасны зурвасаар буюу Еruul.gerege.mn цахим сайтад хандаж авч болно. Хэрэв шинжилгээний хариу нь гараагүй, хүлээж буй тохиолдолд  тухайн ажилтан ажилдаа явахгүй, заавал сөрөг хариу гарсны дараа ажлын байрандаа ирэх юм байна. Энэ нь ажлын байранд үүсэх эрсдэлээс хамгаалж байгаа гэдгийг Шуурхай штабаас сануулж байна.   

     Өнөөдрийн байдлаар, үйлдвэрийн хэмжээнд 3123 ажилтан ажиллаж байгаа бол 1756 ажилтан хөдөлмөр зохицуулалтын зохион байгуулалтад хамрагдсан байна. Тухайлбал,  эдгээрийн 163 нь 0-12 насны хүүхэдтэй эцэг эхчүүд, 104 нь нийгмийн цехүүдийн ажилтнууд,  257 нь цахим хэлбэрээр гэрээсээ ажиллаж байгаа аж.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна