АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоолоо


АН-ын бүлгийн нэр бүхий таван гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад өнөөдөр долоо хонож байна. Харин дөнгөж сая С.Ганбаатар, Ц.Туваан, Ж.Батсуурь, Н.Алтанхуяг нар өлсгөлөнгөө зогсоосноо зарлав.

Уг өлсгөлөн, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан МАН, АН-ын гишүүдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил болон, УИХ-ын дарга Г.Занданшатар нар төв талбайд очиж, мэдээлэл хийв.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр "Өчигдөр УИХ-ын дарга миний захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Төлөвлөгөө гаргасан. Одоо төлөвлөгөөг миний ажлын өрөөнд очиж ярилцана" гэв. 

Харин АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "АН, МАН-аас хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тиймээс ажлын хэсэг ажиллаж, хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянаж ажиллах байх. Бид энэ цаг мөчөөс өлсгөлөнгөө зогсооно" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ. 

АН-ын бүлгийн гишүүд МАН, АН-ын гишүүдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэгт санал тавьжээ. Тус саналд,

1-рт:  АН-ын тамга тэмдэг өгсөн асуудал хууль дүрмийн дагуу явсан эсэх, УБЕГ-ын зарим албан хаагчид ажлаа зөв хийсэн эсэх, үүнд ажлын хэсэг хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт гаргана.

2-рт: Улсын дээд шүүхийн Тамгын газраас улстөрийн намын дагуу лавлагаа гаргасан. Тамгын газраас гаргасан лавлагаа нь хууль тогтоомжийн дагуу гарсан эсэхийг шалгаж, үнэлэлт дүгнэлт гаргана. Дээд шүүх биш Захиргааны байгууллагыг нь хэлж байна шүү. 

3-рт: СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар ТББХ-нд мэдээлэл сонсоно. Хууль дүрмийн дагуу явж байгаа эсэхэд мэдээлэл сонсоно. 

4-рт: АН болон АН-ын зарим гишүүдээс АТГ-т төрийн зарим албан хаагч нартай холбоотой гомдол гаргасан. Уг асуудалд АТГ ямар арга хэмжээ авч байгаа эсэх талаар мэдээлэл сонсоно. Гэхдээ хуулиа баримтална. 

5-рт: УИХ-ын даргын захирамжаар Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах УИХ-д өргөн барих ажлын хэсэг ажиллана. Бэлтгэл ажил хангагдсан. Бүх намууд оролцоно. УИХ-аас гарах ажлын хэсэгт манай ажлын хэсэг үүсээд байгаа нөхцөл байдал, бүртгэл, тамга тэмдэгтэй холбоотой асуудлаар дүгнэлтээ гаргаж өгнө" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.242
    2021/05/12

    ХА ХА ХА ЭД НАР УГААСАА ТАВЬТАРГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. ӨЛСӨЖ ҮЗЭЭГҮЙ "БИДОНЧИН, ФЕН-ШУЙЧИН, НҮҮРСЧИН"-ГҮҮД ӨЛДӨЖ "ҮХТЛЭЭ" ӨЛСӨЖ ЧАДАХГҮЙ Ш ДЭЭ. НӨГӨӨ ИДСЭН УУСАН, ХУЛЬХИДСАН МӨНГӨ НЬ ХАРАГДААД "ҮХЭЖ" ЧАДАХГҮЙ. ДОТУУР БАЙРАНД ШӨНӨ ОРОНДОО ОРООД, ЦААШАА ХАРААД ИДЭХ ЮМАА НУУЖ ИДЭЖ БАЙСАН "АМЬТАД" ШӨНӨӨР ТАЛБАЙ ДЭЭР ИДЭЖ Л БАЙСАН БАЙГАА.

    Хариулах