Энэтхэг улсад коронавирусын халдвар авсан хүний тоо 25 сая давжээ


Энэтхэг улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусын халдварын 263'533 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 25.2 саяд хүрчээ. Энэ нь дэлхий даяар бүртгэгдсэн халдварын тохиолдлын 15 гаруй хувьтай тэнцэж байна.

Мөн даваа гарагт халдварын улмаас 4329 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвараар нас барсан хүний тоо 278'719-т хүрсэн байна. 

Өмнөд Азийн тус улс нь дөрөвдүгээр сараас дэгдсэн коронавирусын халдварын хоёр дахь давлагааг хяналтдaa авахаар тэмцэж байгаа бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт өдөр бүр 300 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж, тавдугаар сарын 7-нд хамгийн олон буюу 414 188 хүнээс халдвар илэрсэн юм.

Харин өнгөрсөн баасан гаргаас өдөрт шинээр илэрч буй халдварын тохиолдлын тоо буурч, ням, даваа гарагт 300 мянгаас цөөн тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар Энэтхэгт 184.4 сая тун вакцин тариад байгаа бөгөөд даваа гарагт 1'479'592 тунг хийсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 

Эх сурвалж: montsame.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна