БНСУ-д өнгөрсөн долоо хоногт коронавирусын шинэ хувилбаруудаар халдварласан тохиолдлын тоо 247-гоор нэмэгдсэнээр ийм тохиолдлын нийт тоо 1000 давлаа гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мягмар гарагт мэдээлжээ.
Тавдугаар сарын 9-15-нд шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 195 нь дотоодод халдварласан бол 52 нь зөөвөрлөгдөн иржээ. Ингэснээр өнгөрсөн оны 10 дугаар сараас бүртгэгдсэн тохиолдлын тоо 1113-т хүрсэн байна.
Мөн шинэ тохиолдлуудын 199 нь Их Британид анх илэрсэн, 29 нь Энэтхэгт илэрсэн, 18 нь Өмнөд Африкт илэрсэн, нэг нь Бразилд тархсан хувилбараар халдварлажээ.
БНСУ коронавирусын хувилбарууд тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Энэтхэгээс ирж буй хүмүүст тавих тусгаарлалтын шаардлагаа чангатгаад буй юм.
Холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, “Incheon” олон улсын нисэх буудлын тусгаарлалтын есөн ажилтан, тэдэнтэй холбоотой зургаан хүн Энэтхэгт илэрсэн хувилбараар халдварласан нь тогтоогджээ.
Тэдгээр ажилтан халдвар авсан өвчтөнтэй ойр байх хугацаандаа халдвар авсан бололтой байгаа бөгөөд энэ нь Энэтхэгт илэрсэн хувилбар БНСУ-д тархсан анхны тохиолдлууд болж байгааг төлөөлөгчид мэдээлжээ.
Энэтхэгээс ирж буй бүх хүний хувьд коронавирусын шинжилгээний хариугаа сөрөг гарсныг үл харгалзан зориулалтын тусгаарлах байранд 14 хоног байх шаардлагатай юм. Мөн ийнхүү тусгаарлагдах хугацаандаа гурван удаа шинжилгээ өгөх ёстой байна.
Эх сурвалж: montsame.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна