Н.Тавинбэх: Хотын эрчим хүчний хэрэглээ жилд 6-8, дулааны хэрэглээ 7-8 хувиар нэмэгддэг


Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаа нээлттэй зохион байгуулж нийслэлд тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэж байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дулаан, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийн талаар мэдээлэл хийлээ. 

Н.Тавинбэх: -Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хэмжээ сүүлийн таван жилийн дунджаар 6-8 хувийн өсөлттэй байна. Хотын хэрэглэгчдийг хангаж буй дамжуулах сүлжээний 31 хувь буюу 815 дэд станц, агаарын болон кабель шугмын 26 хувь буюу 3488 км урттай цахилгаан дамжуулах шугмын ашиглалтын хугацаа дуусч нэн яаралтай шинэчлэх шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын 13 мянга 681 өрх стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчэнд холбогдож чадаагүй байна. Эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх, засвар шинэчлэлт хийхэд нийтдээ 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан. 

Улаанбаатар хотын дулаан хангамжийн тухайд дөрвөн эх үүсвэрээс хэрэглэгчдийг дулаанаар хангаж байна. Дулааны хэрэглээ одоогийн байдлаар суурилагдсан хүчин чадлаас 13 хувиар нэмэгдсэн байдалтай байна. Дулаан дамжуулах 379.5 км урттай шугмын 24 хувь нь буюу 91.2 км шугмын ашиглалтын хугацаа дуусч хуучирсан. Энэ нь Улаанбаатар хотын дулаан хангамжид эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Хотын дулааны хэрэглээ жилд 7-8 хувиар өсөн нэмэгдэж байна. Улаанбаатар хотын дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, засвар шинэчлэлт хийхэд 3.4 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна