У.Хүрэлсүх: Монголын ард түмний эв нэгдлийн төлөө ажиллана


2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.05.24/ албан ёсоор эхэллээ. Сонгуулийн ерөнхий хорооноос МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. 

МАН-аас нэр дэвшиж буй У.Хүрэлсүх "Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Надад итгэл хүлээлгэсэн журмын нөхөд болон ард иргэд та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Мөн ХҮН, АН-аас нэр дэвшиж буй Д.Энхбат, С.Эрдэнэ нартаа сонгуулийн өндөр амжилт хүсье, гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол гэлтгүй дэлхий ертөнц энэ сонгуулийг ажиглаж байгаа. Энэ бол УИХ, орон нутгийн сонгууль, улс төрийн намын сонгууль биш. Энэ бол Монгол Улсын төрийн тэргүүний сонгууль. Тиймээс энэ удаагийн сонуулийг шударга, нээлттэй, ил тод, хуулийн хүрээнд явуулах зайлшгүй шаардлагатай. Сонгуулийн янз бүрийн маргаан байх ёсгүй. Улс орны хэмжээнд цар тахал дэлгэрсэн учир сонгуулийн зардлыг хэмнэж, хямд зардлаар энэ удаагийн сонгуулийг явуулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Бусад нэр дэвшигчид маань ч санал нэгтэй байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн байдаг. Хэрэв би Ерөнхийлөгч болвол дараах зүйлүүд дээр анхаарал хандуулна.

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд анхаарна. Хараат бус хууль хяналтын байгууллага, шүүх прокурорын тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх тал дээр анхаарна. Ёс бус үйл ажиллагааг зогсооно. Хүн бус хууль засагладаг байх ёстой.

Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоо, эрхзүйт төрийг бэхжүүлнэ. Хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн зах зээлийн эдийн засагтай нийгмийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, парламентын засаглалыг улам бэхжүүлэхэд ихээхэн анхаарна.

Монголын ард түмний эв нэгдлийн төлөө ажиллана. Үүнийг нүдний цөцгий мэт хайрлана.

Байгалийн баялагтаа монгол хүн эзэн байх ёстой. Хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газрууд, ордуудыг төрд авах ажлыг өнгөрсөн жилүүдэд хийж ирсэн. Байгалийн баялаг бурхны хишиг. Ард иргэддээ ноогдол ашиг олгох  тал дээр анхаарч ажиллана.

Гадаад улсад улс орноо төлөөлнө. НҮБ болон олон улсын хэмжээнд эх ороныхоо нэр хүндийг өргөжүүлэн баталгаалжуулна.

Хүчирхэг эдийн засагтай байх ёстой. Үүний тулд 4-12 жилийн хугацаа хэрэгтэй. Алсын хараа, зураглалаа бид төлөвлөсөн.

Мөнх хөх тэнгэр монголчуудыг мөнхөд ивээн тэтгэг. Миний сонгуулийн хөтөлбөр бол шинжлэх ухаанд суурилсан. Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар улсынхаа бүх аймаг сумдаар явж амьдралтай нь биечлэн танилцсан. Хаана ямар зовлон бэрхшээл юу хэрэгтэйг би сайн мэднэ. Засгийн газар, Алсын-2050, Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлсэн сайн мөрийн хөтөлбөр. Мөн парламентын засаглал, үндсэн хуулиа боловсронгуй болгоход онцгой анхаарна." гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна