"Карантин 14" фэйсбүүк хуудас "Vision 2050" болгон нэрээ өөрчилж, Ерөнхий сайдын үйл ажиллагааг мэдээлж байна


Улаанбаатар хотод халдварын нөхцөл байдал хүндэрснээр 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн хатуу хөл хорионы дэглэм тогтоослн билээ. Энэ хугацаанд иргэдийг гэртээ байхыг уриалж, эерэг мэдээлэл түгээх зорилготой "Карантин-14" шоу нэвтрүүлгийг зургаан телевиз эфирээрээ цацаж байсан. Мөн фэйсбүүкт "Карантин 14" хэмээх хуудас нээж, шоуг шууд дамжуулахын сацуу холбоотой мэдээ мэдээллийг хүргэсэн.

Тэгвэл фэйсбүүк дэх "Карантин-14" хуудас тавдугаар сарын 11-ний өдөр нэрээ "Vision 2050" болгон өөрчилжээ. Нэрээ өөрчилсний дараах эхний пост нь тавдугаар сарын 13-нд "Засгийн газар 100 хоногт" нэртэйгээр нийтлэгдсэн байна. 

Үүнээс хойш уг хуудсаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон нэвтрүүлгийн хэсгүүд, томилолт болон "Азийн хүлэг улс-Алсын хараа 2050" номынх нь талаарх мэдээллийг хүргэдэг болжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын мэдээллийг хүргэх шинэ суваг нь болсон байна.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж буй У.Хүрэлсүхийн сурталчилгааг ч оруулах болжээ.

"Асем вилла" хотхонд зурагт авалтаа хийж, Монголын урлаг соёлын алдартнууд, салбар салбарын нэр хүндтэй эрхмүүдийг урьж оролцуулж байсан дээрх шоу нэвтрүүлгийн санхүүжилтийг Засгийн газраас гаргав уу гэх хардалт нийгэмд байсан. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс энэхүү шоу нэвтрүүлэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй төсөл гэдгийг тодотгосон бол Засгийн газраас уг шоу нэвтрүүлэг зориулан санхүүжилт гаргаагүй хэмээн мэдэгдэж байлаа.

"Карантин-14" буюу одоогийнхоор "Vision 2050" хуудас нь 45,328 лайк, 64,743 дагагчтай байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна