Барууны орнуудад "муллет" хэмээх хэдийн олны танил болсон ч хэн ч тоож сонирхохоо болиод байсан үс засалт "чонон тайралт" хэмээх сүртэй нэрээр эргэн ирж, энэ онд шинэ үеийн залуусын сонирхлыг татаж эхэлсэн бололтой. Урд болон хажуу хэсгээрээ богино, харин хойд талдаа урт гэзэг үлдээн тайрдаг үс засалтыг монгол хэлэнд нуруут, гэзэгт халимаг гэх зэргээр нэрлэж байсан. Энэ нь өдгөө цахим орчинд Z үеийнхнийг байлдан дагуулж эхлэхээсээ өмнө нэгэн үе мартагдаад байсныг эс тооцвол эрт үеэс нэлээд алдартай байсан хэв маяг юм.
Ийнхүү гэзэгт халимаг эргэн сэргэхэд Өмнөд Солонгосын салонууд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн мэргэжилтнүүд үздэг аж. Тэгэхдээ өмнө нь гэзэгт халимаг тавихад урд болон хажуу хэсгийг харьцангуй тэгш тайрдаг байснаас татгалзан замбараагүй, сэгсгэр болгон тайрдаг болсон нь "муллет" хэмээх нэрийг "чонон тайралт" болгон өөрчилсөн аж. Учир нь эл үс засалт залуусыг энгийн, даруу, номхон төрхөөс салгаж, зэрлэг, хэнд ч захирагдахгүй, яг л чоно мэт гал цогтой дүр төрхийн эзэн болгодог гэнэ. Түүн дээр нэмээд бага зэргийн долгионтой хими хийчихвэл бүүр ч эрэмгий төрх бүрддэг байна.
Сүүлийн үед дээрх маягаар шинэчлэгдсэн гэзэгт халимаг залуусын анхаарлын төвд орж, байлдан дагуулж байгаагийн жишээ нь Instagram орчинд алдартай үсчид өөр өөрсдийн хэв маягаар тавьсан гэзэгт халимгийнхаа зургийг ар араасаа нийтэлж, Tik Tok орчинд залуус гэртээ гэзэгт халимаг тавьж байгаа бичлэгээ оруулах болжээ.
Зарим залуус эрсдэлтэй нүүр тулахгүйгээр орчин цагийн шинэ "чонон тайралт" хийлгэхийн тулд үсчинд хандаж байгаа бол зарим юунаас ч айхыг мэддэггүй эрч хүчтэй залуус, охид гал тогооны хайчаа барин угаалгын өрөөнийхөө толинд харж байгаад өөрсдийнхөө үсийг засаж байна. Тухайлбал, Youtube орчинд хэрхэн өөрийнхөө үсийг чонон тайралттай болгох талаар заавар болон туршилт дүрс бичлэгүүд маш олон янзаараа нийтлэгдэж байгаа бөгөөд Tik Tok орчинд 80.7 сая дүрс бичлэг #wolfcut хаштагтайгаар оржээ.
Орчин үеийн залуусын дунд хүйс харгалзалгүй даган дуурайж болдог гэдгээрээ сайшаал хүртэж буй үс засалт үнэндээ маш эртний түүхтэй. Жишээлбэл, Грекийн яруу найрагч Гомер НТӨ наймдугаар зуунд бичсэн “Илайад” бүтээлдээ нэгэн жадчин эрийг дух болон шанааныхаа үсийг богиносгон тайрсан ч дагзных нь гэзэг урт ургасан хэмээн дүрслэн бичсэн байдаг. Зураглаж үзвэл эл дүрслэл маргаангүй "муллет" тайралт мөн болой.
Түүнчлэн гэзэгт халимаг 1970-аад онд залуу, цоглог үеийнхнийг байлдан дагуулж байсан түүх бий. Тухайлбал, тухайн үед дуу хөгжмийн ертөнцөд нэрээ цуурайтуулж, тэр цуурай нь өдгөө ч тод хадгалагдан үлдсэн дуучин Дэвид Боуи буюу түүний бүтээж байсан Зигги Стардаст хэмээх тайзны дүр гэзэгт халимаг үсээрээ хараа булаадаг байсан юм. Түүнээс хойш олон ч урлагийн одод Боуигаас санаа аван бүтээл, загваруудаа туурвиж, тэр нь үе үе дахин дахин сэргэсээр ирсэн юм.
Харин сүүлийн үед залуу үеийнхэн аль болох хүйс, хүйсийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж, мартаж, ялгаа заагийг арилгаж, өөрийгөө болон бусдыг хүйсээр нь ангилж харахгүй байхыг эрмэлздэг болжээ. Чухам энэ үед хүйсийн ялгаа заагийг үл харуулахын тулд загвар зохион бүтээгчид чадлаараа сэтгэн хэний ч өмсөж болохоор хувцас урлаж, урлагийн одод байр сууриа илэрхийлж, охид илүү эрэгтэйлэг хувцаслаж, хөвгүүд даашинз, бошинз, торон хувцсанд дурлаж, нүүрээ будан олон янзаар турших болжээ. Тухайлбал, хоёрдугаар сард авсан судалгааны үр дүнгээс харвал АНУ-ын нийт Z үеийнхний тэн хагас нь хүйс хэмээх ойлголтыг харьцангуй хэмээж, хүнийг хүйсээр нь дүгнэх явдлыг хэт хоцрогдсон хэмээн үздэгээ илэрхийлсэн байна. Тэгтэл яг энэ эгзэгтэй үед чонон тайралт хэмээх үс засалт хүйс хамааралгүй бүх хүнд зохидог гэдгийг залуус олж мэдсэн нь том олз болж таарав.
Эх сурвалж: CNN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна