УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 2 сая 67 мянган иргэдийн 90 хувь нь вакцины эхний тунд хамрагдаад байна. Мөн 60 хувь нь хоёр дахь тундаа хамрагдсан. Үүнээс мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар давтан тунг тариулснаас 14-өөс дээш хоног өнгөрсөн 652 мянган хүн бүр дархлаажих хугацаа нь болсон. Энэ нь зорилтот бүлгийн 30 хувь гэсэн үг. Бид вакцинжуулалтаа эрчимжүүлж байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, орон нутагт вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм.
Халдварт өртөж буй нас залуужиж байна. Одоогоор 18-40 хүртэлх насныхан халдварт өртөх нь түгээмэл байна. Энэ насны 81-85 хувь нь вакцины эхний тунд хамрагдсан. Вакцины идэвх бага байна. Тиймээс вакцинжуулалтыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг Засгийн газрын тэргүүн орон нутгийн удирдлагуудад үүрэг өгсөн.
Судлаачдын математик тооцооллоор зургадугаар сарын 15-аас вакцины үр дүн гарч халдвараар нас барах, хүндрэх, халдварт өртөх өвчлөл багасах хүлээлт байна. Учир нь, зургадугаар сарын 10 гэхэд зорилтот бүлгийн 953 мянган хүн вакцины давтан тундаа хамрагдаж дуусна.
Вакцинд хамрагдаагүй 0-17 насны 1.1 сая хүүхэд, жирэмсэн болон эрүүл мэндийн шалтгаанаар вакцинд хамрагдаагүй 200 гаруй мянган хүн байна.
УОК-оос 3.3 сая иргэний 652 мянга нь бүрэн дархлаажсан бол 70 гаруй хувь нь эрсдэлтэй гэж үзэж байна. Иймд зургадугаар сарын 15-н хүртэл вакцинжуулалтыг эрчимжүүлнэ. Вакцины хос тунд хамрагдсан ч халдварт өртөж буй хүмүүс хөнгөн өвдөж байгаа нь зонхилж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Мэргэжлийн байгууллагын эрдэмтэн судлаачдын дүгнэж байгаагаар вакцинжуулалтын үр дүн зургадугаар сарын 15-нд гарна. Бид вакцинжуулалтыг зургадугаар сарын 1-нд дуусгана гэж төлөвлөж байсан ч файзер болон бусад вакцины татан авалттай холбоотой эрсдэлт бүлгийн хүмүүсийн вакцинжуулалт хожуу эхэлсэн. Эрдэмтдийн тооцооллоор зургадугаар сарын 15-наас өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол буурна гэх дүгнэлт гаргасан. Хэдийгээр вакцинжуулалт үргэлжилж байгаа ч халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь тандалтын шинжилгээ нэмэгдэж байгаатай холбоотой. Ялангуяа, гэр бүлийн хүрээний ойрын хавьтлын тандалтын шинжилгээний хариу эерэг гарах хувь нэмэгдсэн.
Сүүлийн үед өдөрт батлагдаж буй тохиолдлын 30 орчим хувь нь хүүхэд байна. Гэр бүлийн хүрээнд эцэг эх, хөршөөсөө хүүхэд халдварт өртөж, эерэг гарах хувь нэмэгдэж байна. Өдөрт бүртгэгдэх 900 гаруй тохиолдлын 30 орчим хувь нь 0-17 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.
Мөн 25-34 насны хүмүүс нийт батлагдсан тохиолдлын 40 орчим хувийг эзэлж байна. Нийт тохиолдлын 70-75 хувийг 0-17 болон 25-34 насныхан эзэлж байгаа нь гэр бүлийн хүрээнд залуу үе байгаа юм.
Вакцинжуулалттай холбогдуулан өнөөдрийн байдлаар бизнесийн чиглэлийн 89 төрлийн үйл ажиллагаанаас 80 нь хэвийн ажиллаж байна. Одоогоор есөн салбарын үйл ажиллагааг хязгаарлалттай байна гэж УОК-оос мэдээлэв. Харин хөл хорио тогтоохгүй гэдгийг дахин онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна