ОХУ-ын Новосибирск хотноо шатахуун түгээх станцад гал гарч, шатахуун агуулах савнууд дэлбэрсний улмаас 33 хүн гэмтэж шархадсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн зарим хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Тус ШТС-ыг эзэмшдэг "Еврогаз" компаниас мэдэгдсэнээр Гусинобродский замд байрладаг уг станцыг хийн түлшээр цэнэглэж байх үед гал гарсан гэжээ. Улмаар дөрвөөс таван удаагийн дэлбэрэлт болж, гал 1000 гаруй метр квадрат талбайд тархсан байна. Орон нутгийн Онцгой байдлын хэлтсийн төлөөлөгч Евгений Лебедев түлшийг суурин саванд хийж байх үед хийн тээвэрлэгчдийн нэг нь газардуулаагүйгээс гал гарсан гэж мэдэгджээ.
Орон нутгийн цагаар 17 цагийн орчимд галыг унтраасан ч утаа гарсаар байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна.
Уг явдлын гэрч, Новосибирскийн оршин суугч Екатерина "Тэнгэрт гал маналзаж байхыг хараад маш их айсан. Үнэнийг хэлэхэд дайн болж байна л гэж бодсон шүү. Тагт руу гараад удаан харж зогслоо. Тэгтэл дахиад гурван удаа дэлбэрэлт болж, хана доргиж, нүүр рүү халуун агаараар үлээж байсан. Маш хүчтэй дэлбэрэлт болсон. Айсандаа зүрх чичирч байлаа. Тийм зүйл өдөр бүр харахгүй дээ" гэжээ.
Гэмтэж шархадсан хүмүүсээс хоёр нь ШТС-ын ажилтан, хоёр нь гал сөнөөгч байсан аж. Мөн эмнэлэгт хүргэгдсэн 17 хүний дунд хүүхдүүд ч байгаа аж. Хүнд байдалтай есөн хүн байна гэв.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна