Олимпод анх удаа трансжендер тамирчин оролцоно


Шинэ Зеландын хүндийг өргөлтийн тамирчин Лорел Хаббард олимпын наадамд оролцсон анхны трансжендер тамирчин болно.

2015 оноос хойш трансжендер тамирчдыг олимпод оролцохыг зөвшөөрсөн бөгөөд Хаббард Токио-2020 олимпод оролцох Шинэ Зеландын эмэгтэйчүүдийн шигшээ багт багтаажээ.

Шинэ Зеландын эрэгтэйчүүдийн шигшээ багийн гишүүн байсан Хаббард 35 насандаа буюу 2013 онд зодог тайлсан ба тухайн жилдээ трансжендер гэдгээ зарласан юм. Өдгөө 43 настай тэрээр 2017 оны ДАШТ-нээс эмэгтэйчүүдийн ангилалд мөнгөн медаль хүртэж, 2020 оны дэлхийн цомд түрүүлж байв.

Хүндийг өргөлтийн 87 кг жинд өрсөлддөг Хаббард дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдэж байгаа ба хэрэв олимпод оролцвол мөн хамгийн ахмад настай хүндийг өргөлтийн тамирчин болон түүхэнд үлдэнэ.

Хаббардыг олимпод оролцохыг Австрали, арлын орнууд эсэргүүцэж буй. Учир нь эрэгтэй хүний даавраас шалтгаалсан хүч тэмцээнд нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Олон улсын олимпын хорооноос гаргасан шийдвэрийн дагуу эмэгтэйчүүдийн ангилалд оролцох трансжендер тамирчны бие дэх тестостерон /эр бэлгийн даавар/ литр тутамд 10 наномолоос бага байх шаардлагатай аж.

Эх сурвалж: BBC, CNN



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна