1. Ганцаараа аялаад үз.
Үүргэвчээ үүрээд адал явдал эрж хай. Шинэ улс орон, шинэ орчин, шинэ хүмүүс, тэс ондоо соёл гээд бүх зүйл таны нүдийг улам бүр нээж өгөх хэзээ ч мартагдашгүй дурсамж болж үлдэнэ.
2. Тусдаа амьдарч үзэх.
Бие дааж үзэх нь маш чухал. Та өрөөний хамтрагчтай болж, найз нөхөдтэйгөө цуг амьдраад үзэх эсвэл бүр ганцаараа амьдраад үзэхэд огтхон ч буруудахгүй. Харин ч тусдаа амьдарна гэдэг, цаашлаад нэгэн гэр бүлийг бий болгон амьдарна гэдэг ямар байхыг зах зухаас нь мэдрэх, эрх чөлөөтэй байх боломж юм.
3. Өөрт тохирсон хамгийн гоё хоббигоо олох.
Олон зүйл дээр цаг зарцуул, тэгээд бүү харамс. Зурах, оёх, ууланд алхах, ном унших, цэцэг ногоо тарих гээд юу ч байдаг юм, хүссэн зүйлсийн жагсаалтаа гаргаад эхнээс нь хий. Тэгээд л та цаашид огтхон ч уйдахгүй тийм гоё хоббигоо олж авах болно.
4. Шархалж үзэх
Өө сэвгүй харилцаа гэж нэгээхэн ч үгүй. Мэдээж танд олон асуудал тулгарч, маргалдаж, бүр салж хагацаж ч мэдэх юм. Үүнээсээ болж та уйлж, шаналж, маш ихээр гуниглах хэдий ч энэ танд ямар том сургамж болж үлдэнэ гээч? Шархалж үзсэн хүн хайрын үнэ цэнийг мэддэг. Бас харилцаанд юу чухал болохыг, яавал бат бөх байхыг ч та мэддэг болно.
5. Дор хаяж нэг айдастайгаа нүүр тулах.
Өндрөөс айдаг бол онгоцноос шүхэртэй үсэрч, уснаас айдаг бол усанд сэлэлтээр хичээллээд үз. Та аль болох олон айдастайгаа нүүр тулж, түүнийгээ давж чадвал жинхэнэ эрх чөлөөнд хүрч, юуг ч чадна гэдгээ ойлгох болно.
6. Хайрлаж, дурла. Нэгээс ч илүү!
Та харилцаанаас ямар хүн хүсэн хүлээдэг, яавал танд илүү сайхан байж, жаргалтай байх вэ гэдгийг мэдэрч үзсэн, туулсан харилцаануудаасаа бүрэн ойлгож авна. Үүний ачаар та одоо байгаа тэр холбоог яаж илүү эрхэмлэн нандигнаж, хамгаалахаа ч ойлгох болно. Зүрх сэтгэлээ битгий тэр чигт нь хааж, түгжээрэй. Хайрлаж дурлаж, шархлахаас бүү ай.
7. Ганцаараа байх цагийг өөртөө гаргаж сурах.
Өөртэйгөө болзох хэрэгтэй. Салонд цаг ав, дугуй унаж гадуур зугаал, ном унш, тэмдэглэл хөтлөөд түүнийгээ хадгал. Сайхан дэлгүүр хэсэх, кофе шоп орж ганцаараа юм бодож, уншиж суух ямар сайхан гээч? Өөрийгөө чадахаараа эрхлүүлж байгаарай.
8. Зугаал, сайхан хувцасла, наргиж цэнгэ.
Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлж, хүссэн хувцсаа өмсөж, хүссэн тоглолтоо үзэн, баасан гарагийн орой гадаа талбайд суу. Тийм мөч яваандаа ховор болж ирдэг тул, яваандаа таны найзууд ч гэр бүлтэй болж бөөндөө гаргах цаг зав багасдаг тул боломж байгаа дээр хэтрүүлэлгүй цагийг сайхан өнгөрүүлж байгаарай.
9. Боломж олдвол унтаж амарч бай, эрүүл мэнддээ анхаар.
Анхны хүүхдээ өлгийдөн авсны дараагаас амьдралд тань нойр л үгүйлэгдэх болно. Тэгээд хангалттай унтаж амарч байсан бол, эрүүл мэнддээ анхаарсан бол танд санаа зовох зүйл байхгүй. Гэр бүл болно гэдэг давхар хариуцлага тул ирээдүйд өөрийгөө бэлдэж биеэ сайн тордож, эрүүл байгаарай.
10. Ирээдүйд урт удаан хамт байна гэж бодсон тэр хүнтэйгээ хэсэг хоёулхнаа байж, аялж, амьдарч, хэрэлдэж муудалцаж үз.
"Энэ л хүн" гэж бодсон тэр хүнээ сайн танин мэдэх хэрэгтэй. Та ирээдүйд тэр хүнтэй цуг бүх шийдвэрийг гаргаж, хүнд хэцүүг хамтдаа туулна. Танд түшиг болох, хамтдаа аз жаргалтай, өөрөөрөө байж чадах тэр нэгнийг үнэхээр олсон эсэхээ мэдэхийн тулд та хамт аялж, бүтэлгүйтэж, муудалцаж бас эвлэрч, хэсэг хугацааг хоёулаа өнгөрөөж үзээрэй.
11. Гэр бүлийнхэндээ цаг гаргах.
Ээж аав, эмээ өвөө, ах эгч дүү гээд гэр бүлийнхээ хүмүүст боломжийн хэрээр цаг гаргаж байгаарай. Хамтдаа тогло, замд гар, кино үз, зүгээр л ярилцаж суу. Энэ болгон эрхэм байх болно.
12. Өөрийгөө хайрла
Бусдыг хайрлахын эхлэл нь өөрийгөө хайрлах. Та өөртөө санаа тавьж, өөрийгөө уучилж, хүлээн зөвшөөрч чадвал энэ л хамгийн чухал зүйл юм шүү. Өөртөө хэтэрхий хатуу хандаж болохгүй шүү. Ганц бие, гэрлээгүй байгаа дээрээ өөрийгөө хангалттай хайрлаж, сурч мэдсэн, мэдэрснээрээ бусдыг ч мөн хайрлаж байгаарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна