Л.Наранбаатар: Тэр хэзээ ч миний ерөнхийлөгч байгаагүй


Өнөөдөр Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа билээ. Харин түүнийг ЭТТ, төмөр замын асуудлын талаар хурцааар шүүмжилж байдаг АН-ын гишүүн асан МАН-ын шинэхэн гишүүн Л.Наранбаатар өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Тэрбээр, "Тэр хэзээ ч миний ерөнхийлөгч байгаагүй. Магадгүй тэр сайн аав, сайн жудоч, сайн зураач байх. Хэн нэгний шүтээн нь ч байх. Сайхан макет хийдэг, сайхан хөшөө барьдаг, сайхан инээдэг, харизматай, тэмцэлтэй улстөрч.

Өнөөдөр тэр төрийн өндөр сэнтийгээс бууж байна. Буцаж буй хүнийг муу үгээр үддэггүй Монголчуудын жудаг бий. Би түүнд өнөөдөр чадах чинээгээрээ “сайн үг” хэлэх болно.

Тэр Монголын нүүрсний зах зээлийг Оросуудад, төмөр замыг найздаа төрийн нууцад оруулж бэлэглэсэн “өглөгч” ачтан. Шагналын бурхан тэнгэр. Тусгаар улсаа төлөөлж НҮБ-ын хуралд суугаагүй анхны ерөнхийлөгч. Цаазын ялыг сэргээж, Монголоо ШХАБ-т бэлэглэхийг тачаадаж, Ерөнхийлөгчийн засаглалтай болгохоор чармайсан ерөнхийлөгч. Оффшороос мөнгө оруулж ирж, иргэддээ өгнө гэж чихэр долоолгож “чадсан” ерөнхийлөгч. Тэр чадсан. Ерөнхий сайдуудыг, улстөрийн өрсөлдөгчдөө шоронд хийж, хэлмэгдүүлж чадсан. Төмөр замыг тарамдаж, улсаа чадсан. Ард иргэдээ талцуулж, хагалж чадсан. Монголоо олон улсад хамгийн жижиг харагдуулж чадсан. Чаддаг ажлаа сайн хийсэн.

Би түүний нэг зүйлд үнэн голоосоо баярласан. Коронагийн эхэн үед урд хөршид хонь бэлэглэж, хөршийн харилцаагаа гагнахад үнэхээр баярласан. Монгол хонийг дэлхийд сурталчилсан. Тэр овсгоотой, надаас (Эрдэнэс Тавантолгойгоос) 30,000 хонь аваад бэлэглэсэн.

Тэр хэзээ ч миний ерөнхийлөгч байгаагүй. Гэхдээ түүнд баяртай гэж хэлэх болоогүй, сайн байна уу Жэнко!". гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна