Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилтан гэж өөрийгөө танилцуулан замын хөдөлгөөнд оролцож байсан иргэнийг дарамталж буй видео бичлэг цахим орчинд олны анхаарлыг татсан.
Гэвч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тухайн залууг манай ажилтан биш гэж мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. "Цахим орчинд цацагдсан бичлэгийн дагуу шалгалт хийж байгаа. 2021 оны зургаадугаар сарын 24-ний 20.00 цагийн орчимд тусгай дуут дохио бүхий тээврийн хэрэгсэл жолоодож явсан 28 настай С нь замын хөдөлгөөнд оролцож буй иргэнтэй маргаан үүсгэсэн нь тогтоогдсон. Тухайн иргэн нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газарт харьяалагддаггүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Эрх бүхий байгууллагаас зөвшөөрөөгүй тохиолдолд дуут дохио ашиглахыг хориглодог. Хуулийн энэ заалтыг зөрчсөн учраас тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох арга хэмжээ авна" гэлээ.
Мөн тухайн иргэн нь өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийлээ. Тэрээр "Айлгах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны нэрийг барьсан юм. Би Хууль зүй дотоод хэргийн яам болон цагдаагийн байгууллагад харьяалагддаггүй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна