Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр аймаг сумдад ч хамаарна. Наадам хойшлуулах шийдвэр гарснаар бөхийн барилдаан, сур харваа, морин уралдаан, сунгаа зэргийг хориглосон гэсэн үг.
Гэтэл Засгийн газрын шийдвэрийг зөрчиж Орхон, Булган аймгийн зааг Ингэт гэх газар маргааш буюу /2021.07.02/ морин уралдаан зохион байгуулах гэж байгаа мэдээлэл бидэнд ирлээ.
Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед ийнхүү дур мэдэн морин уралдаан зохион байгуулах гэж байгаа асуудлыг Орхон аймгийн иргэд удирдлагууддаа хандсан боловч, "Ингэт" хэмээх энэхүү газар нь хоёр аймгийн хилийн бүсд оршдог учир энэ асуудлыг хариуцах боломжгүй гэсэн хариултыг хэлсэн байна.
Морин уралдаан зохион байгуулснаар халдвар тараах эрсдэл үүсч байгаа бөгөөд, энд унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, эрх ч мөн яригдана. Өчигдөр гэхэд л Архангай аймгийн Өлзийт суманд морин уралдаан зохион байгуулж, зургаан настай хүү мориноосоо унаж, амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодож зохих аймгийн удирдлагууд, аймгийн онцгой комисс анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
Эх сурвалж: tsahiur.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна