Таван жилийн өмнө Луо Хуажун гэх залуу юу ч хийлгүй зүгээр л "орших" дуртайгаа олж мэдэн үйлдвэрийн ажлаасаа гарчээ. Тэрбээр Сычуань мужаас Төвд хүртэл 2000 километр дугуйтай аялал хийж, замдаа түр зуурын ажил олж хийн сардаа нэг удаа хадгаламжаасаа 60 доллар аваад байхад аятайхан амьдарчихаж болно гэж үзжээ. Луо энэ амьдралын шинэ хэв маягаа "зүгээр л хэвтэх" гэж нэрлэсэн байна. Тэр өнгөрсөн дөрөвдүгээр сард хувийн блогтоо "би зүгээр л "чиллэрч" байна, буруу зүйл байхгүй биз дээ" гэж бичсэн ба хөшгөө татсан харанхуй өрөөнд хэвтэж буй зургаа "зүгээр л хэвтэх нь шударга ёс юм" гэсэн тайлбартайгаар оруулжээ. Түүний пост тэр дороо олон мянган залууст хүрч зав чөлөөгүй урсах Хятадын нийгмийн эсрэг тунхаг болон түгээд байна.
Вухан хотын залуусын ордог хөгжмийн баар
Хятадад гучаад жилийн өмнөхөн л хүн бүр шаргуу хөдөлмөрлөж, хүүхэдтэй болон гэр бүл зохиох нь хамгийн сайхан амьдрал гэсэн үзэл дэлгэрч байв. Өмнөх үеийнхний шаргуу хөдөлмөрийн үр дүнд олон мянган хүн ядуурлаас гарч урд хөрш маань сэргэн мандсан билээ. Гэтэл одоо цагт ажлын цаг нэмэгдэж, орон сууцны үнэ хурдацтайгаар өсөж буй нь шинэ үеийн залууст сэтгэл зүйн дарамт учруулж, тэд аав ээжээсээ илүүг бүтээж чадалгүй бүтэлгүйтэх анхны үеийнхэн болно гэдгээсээ эмээж буй хэмээжээ. Тиймээс залуучууд урт хугацаанд үргэлжилсэн эх орныхоо хөгжил цэцэглэлтийн явцад гар бие оролцохоос татгалзаж буйгаа илэрхийлсэн байна.
Гэвч дээрх явдлын дараа Луогийн бичвэр Хятадын эдийн засгийн хүсэл зорилгыг доромжилсон гэсэн үндэслэлээр устгагджээ. Түүнчлэн цахим ертөнцөд "тангпин" буюу "зүгээр л хэвтэх" гэсэн утгатай үг бичих нь тэр чигтээ хориглогдсон ба засгийн газраас залуусыг улс орны ирээдүйн төлөө шаргуу хөдөлмөрлөхийг уриалсан пропоганда хүчтэй явагдах болжээ
Луо Хуажун "Удаан хугацааны турш зогсолтгүй ажилласны дараа миний бие ямар ч мэдрэмжгүй машин болоод хувирчихсан мэт санагдсан, тэгээд л бүхнийг орхихоор шийдсэн дээ" гэж нэгэн ярилцлагад дурджээ. "Зүгээр л хэвтэх" нь Хятадын Засгийн газраас ард түмнээ уриалан дууддаг бүхий л зүйлийн эсрэг аян юм. Зүгээр л хэвтсэнээр хүнтэй сууж хүүхэд төрүүлэхээс татгалзан, ажил хийхгүйн дээр байр, машин гэх материаллаг бүхнээс татгалзаж буй юм.
Өөр нэгэн жишээ татахад, 22 настай Дин гэх залуу гуравдугаар сард их сургуулиа хаяж, түүнээс хойш "зүгээр л хэвтэж" байгаа гэнэ. Тэрбээр эцэг эхийнхээ сонгож өгсөн компьютер технологийн мэргэжлээр төгсөх курсдээ суралцаж байсан ч энэ бүхнийг анхнаасаа хүсээгүй тул эсэргүүцэл илэрхийлж байна гэж ярьжээ.
"Залуус дуртай зүйлийнхээ төлөө л шаргуу хөдөлмөрлөх эрхтэй. Тэрнээс биш хэн нэгний хүслийг биелүүлж, эдийн засгийн өсөлтөд нэмэр болох эрэг шурга байх албагүй. Ихэнх албан байгууллага 996 буюу өглөө 9 цагаас орой 9 цаг хүртэл долоо хоногийн 6 өдөр ажиллахыг шаарддаг нь байж боломгүй зүйл. Бидэнд дуртай зүйлээ хийх цаг хэрэгтэй." - Дин
Дин одоо компьютер тоглоом тоглодог ажил хийдэг ба илүүдэл зардлаа танан ихэд цомхон амьдардаг гэнэ. Түүнээс алсдаа хэрхэн амьдрах талаар нь асуутал, "Би амьдралаа зургаан сараар л төлөвлөдөг болсон, тиймээс зургаан сарын дараа асуугаарай" гэжээ.
Оксфордын их сургуулийн нийгмийн антропологийн профессор Шин Биаогийн үзсэнээр "зүгээр л хэвтэх" аян нь Хятадын нийгмийн хувьд эргэлтийн цэг бөгөөд залуус өөрийн мэдэлгүй дарамтад унаж, итгэж явсан бүхэн нь худал болохыг мэдсэнээр эд хөрөнгө гэдэг амьдралын утга учир биш болохыг ойлгоно гэжээ. Эрх баригч коммунист намын зүгээс энэ үзэгдлийг онцгойлон анхааралдаа авч 200,000 болон 9000 хүнтэй хоёр сошиал группийг устгажээ. Түүнчлэн "зүгээр л хэвтэх" гэсэн утгатай пост цахим ертөнцөд нийтлэхийг хориглосон ба төстэй утга санаа агуулсан үгтэй цамц футболк, утасны гэр үйлдвэрлэхийг хатуу хоригложээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрх явдлыг ичмээр бусармаг явдал хэмээн зарласан байна.
"Би зүгээр л нийгмийн хамгийн доод давхаргын хүний хувьд өөрийн дотоод мэдрэмжээ л хуваалцсан. Энэ бүхнийг ичгүүргүй шившигтэй гэж байгаа хүмүүс өөрсдөөсөө ичнэ үү. Амьдралын удаан хэмнэлийг сонгох эрх надад бий. Би нийгэмд ямар нэгэн хор хөнөөл учруулаагүй шүү дээ. Заавал бүгдээрээ 12 цаг зогсоо зайгүй ажиллах ёстой юм уу?" - Луо Хуажун
Тэрбээр Жэжян мужийн зүүн хэсэгт орших Жиандэ хошууны хөдөө нутагт төржээ. Луо 2007 онд мэргэжлийн дунд сургуулиа хаяснаар үйлдвэрүүдэд хар ажил хийж эхэлсэн байна. Дугуйны үйлдвэрт 12 цаг ажиллаад тарахад хоёр хөл нь битүү цэврүү үсэрчихдэг байсан гэж тэр ярьжээ. Луо хаа нэг кинонд тоглон амьдралаа залгуулдаг ба 2018 онд нэгэн кинонд "зүгээр л хэвтэн" цогцсын дүр бүтээж байжээ. Одоо тэрбээр гэр бүлтэй болсон бөгөөд философи уншиж, дасгал хөдөлгөөн хийж, харьцангуй тайван амьдралын хэв маягийг сонгосон байна. Хүмүүс түүнийг "Хэвтэж буй мастер" гэж дууддаг ажээ.
Түүний талаар сонссон 36 настай Жан Шинмин гэх залуу "зүгээр л хэвтэх нь зөв юм" гэсэн нэртэй дуу зохиосон нь Хятадын цахим ертөнцөөс устгагдсан ч Youtube дэх хувилбарыг та бүхэнд хүргэж байна:
"Зүгээр л хэвтэх сайхаан
Зүгээр л хэвтэх нь гайхалтай
Зүгээр л хэвтэх нь зөв бөгөөд
Зүгээр л хэвтсэнээр чи дахиж доош унахгүй"
Эх сурвалж: The New York Times
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна